Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.26 14:56
527
Өмнөд Солонгост сүүлийн есөн жилд анх удаа төрөлт нэмэгджээ

Өмнөд Солонгост 2024 онд 238.300 хүүхэд мэндэлсэн нь сүүлийн есөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 2023 онд 230.000 мянган төрөлт бүртгэгдэж байсан бол жилийн дотор энэ үзүүлэлт 3.6 хувиар өслөө хэмээн тус улсын Статистикийн хорооноос мэдэгдэв. 2015 онд 438.400 хүүхэд мэндэлснээс хойш төрөлт жил ирэх бүр буурсаар байсан юм. 
Өнгөрсөн оны өсөлт нь ковид цар тахлын дараа гэрлэлт нэмэгдэж, хосууд эцэг эх болох хандлагатай болсонтой холбоотой хэмээн үзэж байна. 
Мөн нэг солонгос эмэгтэйд ногдох хүүхдийн тоо сүүлийн есөн жилд анх удаа өслөө. 2023 онд нэг эмэгтэйд 0.72 хүүхэд ногдож байсан бол, 2024 онд энэ үзүүлэлт 0.75 болж өсчээ. Цагаач иргэдийг тооцохгүй бол нэг солонгос эмэгтэй 2.1 хүүхэд төрүүлж байж хүн амын тогтвортой өсөлт хангагдана гэсэн тооцоо байдаг.