Sranger things аймшгийн цуврал кинонд тоглож алдаршсан британи жүжигчин Милли Бобби Браун том дэлгэцийн бүтээл дээр дуучин Бритни Спирсийн дүрийг бүтээх хүсэлтэй байна. Тэрээр поп одын дүрд тоглох сонирхолтой байгаагаа илэрхийлсний дараа дүр төрхөө өөрчилж алтан шаргал үстэй болжээ. Милли Браун хоёрдугаар сарын 24-нд Лос Анжелест гол дүрд нь тоглосон The Electric State киноны нээлтэд оролцох үеэрээ “Тэр бол хүн бүхний шүтээн болсон хүн. Спирсийн намтар, түүхийн нэг хэсэг болохдоо би ихэд дуртай байхсан. Тэр хүссэнээрээ амьдарч өөрийнхөө түүхийг бүтээсэн хүн” хэмээн ярьжээ. Поп дива хэмээн алдаршсан дуучин Бритни Спирс 2022 онд Инстаграм хуудсандаа “Миний тухай кино хийнэ гэж яриад байна. Бурхан минь, би үхчихээгүй байна” хэмээн бичиж байв.
Гэсэн хэдий ч Universal Pictures алдарт дуучны The Woman in Me намтар номын эрхийг дуудлага худалдаан дээрээс өндөр үнээр худалдаж авсан юм. Энэ номыг кино болгох ажил ид өрнөж байна хэмээн найруулагч Жон М. Чу, продюсер Марк Платт нар 2024 оны наймдугаар сард албан ёсоор зарлажээ. Бритни Спирс ч Марк Платтай хамтран нэгэн нууц төсөл дээр ажиллаж буйгаа зарласан нь өөрийнх нь намтраар хийж буй кино болж таарч байна. Найруулагч Жон М. Чу 2024 оны арванэгдүгээр сард The Hollywood Reporter сэтгүүлд ярихдаа “Бритни Спирс баялаг түүхтэй хүн. Олон хүний туулж өнгөрүүлсэн амьдрал түүнээс харагддаг. Биднийх, манайх гэж боддог залууст, од, олны танил хүмүүст бид хэрхэн ханддаг вэ? Эмэгтэйчүүд, эх хүнд бид яаж ханддаг вэ? Энэ бүхнийг Спирсээс харж болно. Энэ кинон дээр ажиллах нь надад маш сонирхолтой санагдаж байгаа” хэмээн онцолж байв. Киноны зохиол бичигдээд дуусаж байгаа аж. Эдүгээ 43 настай Бритни нэг хэсэг хоёр хүүхдээ асран хамгаалах чадваргүй хэмээн тооцогдож, хөрөнгө мөнгийг нь эцэг нь захиран зарцуулж байсан. Гэвч дуучин бүсгүй шүүхэд заргалдсаар байгаад хүүхдийнхээ асран хамгааллыг өөр дээрээ авч чадсанаар 500 сая долларын данс, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болсон юм. Тэр цагаас хойш Бритни Спирс тайзан дээр ч гарахаа больж, эротик маягийн бүжиг хийж буй бичлэгээ Инстадаа оруулсан шиг цагийг өнгөрөөх болжээ.