m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2025.02.27 10:26
915
Дэлхийн газрын ховор элементийн 70-75 хувь нь Хятадад байна

Баян-Овоо гээд дэлхийд хосгүй, хамгийн их нөөцтэй орд байдаг” Газрын ховор элемент. Сүүлийн хэдэн өдөр дэлхийн улс төрд хамгийн их яригдсан сэдэв байлаа. В.Путин ховор ашигт малтмал, газрын ховор элемент олборлох, боловсруулах асуудлаар зөвлөгөөн хийж, Д.Трамп Украины ашигт малтмалыг хамтран олборлоно хэмээн мэдэгдэж, В.Зеленский энэ асуудлаар Америкт айлчлахаар болов. Орчин үеийн өндөр технологийн гол материал, түүхий эд болоод байгаа газрын ховор элементийн талаар ОХУ-ын геологи, эрдэс баялгийн доктор, “Оросын стратегийн нөөц баялаг” сангийн дэд тэргүүн Владимир Полеванов “КП”-д ярьж байна. 15-20 жилийн өмнө эхэлсэн компьютерийн техникийн үйлдвэрлэл, дагалдах хэрэгслийн үсрэнгүй хөгжил газрын ховор элементтэй салшгүй холбоотой. Нийт 17 төрлийн газрын ховор элемент байдаг аж.

- Яагаад ховор гэж нэрлэсэн юм бол?

- XVIII-XIX зуунд эдгээр элементийг нээж олохдоо ховор, цөөн байдаг гэж үзсэн учраас ингэж нэрлэсэн. Тийм ховор эд биш гэдэг нь дараа нь тодорхой болсон л доо. Жишээ нь, дэлхий дээр тугалга, алтны нөөц газрын ховор элементээс арав дахин бага. Гэхдээ ховор гэдэг нэрээрээ үлдээд, энэ металлыг өндөр технологийн буюу тодорхой, цомхон салбарт түлхүү ашигладаг байсан болохоор мэргэжлийн хүрээнд газрын ховор элемент гэж ярих болсон. Сүүлийн үед технологийн тэргүүлэх салбарт өргөн ашигладаг боллоо. Газрын ховор металл нь хөнгөвчлөх, хялбарчлах хэлбэрээр тун бага хэмжээгээр ашиглагддаг. Ховор элемент жаахан оруулахад л тэр хэрэгслийн гол материалын чанарыг ихээхэн дээшлүүлж өгдөг. Жишээ нь, нэг сая гар утсанд ердөө хэдэн арван кг ховор металл хангалттай хүрнэ.

- Газрын ховор металлыг ямар салбаруудад ашиглаж байна вэ?

- Одоо өргөжөөд олон болсон. Өнөөдөр газрын ховор элемент ороогүй компьютер, гар утас, зэвсэг ч гэж байхгүй болж. Тэргүүлэх технологийн бүтээгдэхүүнүүд, анагаах ухаанд ч өргөн ашиглагдаж байна. Apple корпорац яагаад толгой цохиж байгаа юм? Бараа бүтээгдэхүүндээ газрын ховор элемент ашиглах болсноор амжилт олж байна. Apple арваад ховор металлыг бүтээгдэхүүндээ ашиглаж байна. Ингэснээр гар утаснууд нь илүү хөнгөн, найдвартай, өндөр технологитой болж байна. Мэдрэгчтэй дэлгэц, шилэн дэлгэц, микрофон үйлдвэрлэхэд газрын ховорыг ашиглаж байна. Дулаан хадгалдаг шил үйлдвэрлэхэд хэрэглэж эрчим хүчийг хэмнэж байна. Нислэг, сансар огторгуй, цөмийн зэвсэг хийхэд хүртэл газрын ховор элемент орж байна. Эдгээр металл нь төмөр, гантай амархан уусаж нийлдэг, дулаан сайн дамжуулдаг, зэврэлтэд тэсвэртэй. Титан, хөнгөн цагааныг хөнгөн болгодог. Нефть боловсруулалт дээр түргэсгэгч, өдөөгч болгон ашиглаж, өндөр октантай түлш гарган авч байна. Самари, европи хэмээх ховор элементийг цөмийн салбарт ашигладаг. Газрын ховор металл байхгүй бол нарны зай хураагуур гэж байхгүй. Тулий хэмээх элементийг анагаахад, рентген, томограф төхөөрөмж үйлдвэрлэхэд ашигладаг. Хавдарыг тогтоох, зогсооход гадолини элементийг ашиглаж байна.

- Батлан хамгаалах салбарт бас ашиглаж байна уу?

Яг тийм. Нисгэгчгүй төхөөрөмж, дрон, ухаалаг бөмбөг, далавчит пуужин үйлдвэрлэхэд неодим, самари металлыг ашигладаг. Радарын дохиолол, мэдрэгчийг сайжруулахад европи, лютецийг ашиглаж байна. Иттрий хэмээх металлыг сум нэвтэрдэггүй хантааз, танканд хүртэл ашиглана. Газрын ховор элементгүйгээр орчин үед дайн хийх боломжгүй болчихлоо.

- Украинд энэ бүх газрын ховор элемент байгаа юу?

-Дэлхийн газрын ховор металлын нөөцийн таван хувь нь Украинд байгаа гэж үздэг. Ихэнх нөөц нь өмнөд хэсэг буюу Азовын тэнгис орчимд бий. Энэ газар нутгийн үлэмж хэсэг нь өнөөдөр Орост эзлэгдчихээд байна л даа. Гэхдээ Украины Побужье, Киевск, Винницк, Житомир мужид газрын ховор элементийн нөөц байгаа. Литий хэмээх маш чухал ховор элементийн 450 мянган тн нөөц Украинд байгаа.

- Тэгвэл Орост ямар нөөц байна вэ?

- Бид муугүй нөөцтэй ч бага олборлож байна. Дотоодын хэрэгцээнд хангалттай олборлож байгаа. Орост нэг сая тонноос илүү нөөцтэй 19 орд бий. Хамгийн том нь Якутийн Томторскийн орд, 1.7 сая тн нөөцтэй.

- Газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд хэн тэргүүлж байна вэ?

- Хятад. Дэлхийн газрын ховор элементийн 70-75 хувь нь Хятадад байна. Баян-Овоо гээд дэлхийд хосгүй, хамгийн их нөөцтэй орд байдаг. Тиймээс Хятад улс өнөөдөр өндөр технологийн бүтээгдэхүүн, хэрэгслийг маш их хэмжээгээр үйлдвэрлэж байна. Тайвань Хятадаас ховор металл авч технологийн бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэдэг. АНУ газрын ховор элементийн багагүй нөөцтэй.