Мексикийн эрх баригчид хар тамхины мафийн 29 гишүүнийг АНУ-д шилжүүлж өгчээ. Хар тамхи их хэмжээгээр оруулсан, хүн амины хэрэгт холбогдсон хэргээр АНУ-ын хууль, хяналтын байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан зартай Гуадалахарагийн мафийн толгойлогч Рафаэл Каро Кинтеро, Зетас мафийн хуучин толгойлогч Мигель Анхел, Омар Тревиньо Моралес, АНУ руу фентанил их хэмжээгээр нийлүүлдэг Синалоа мафийн Хосе Анхел Каноббио зэрэг гэмт хэрэгтнүүдийг АНУ руу шилжүүллээ. Каноббио нь Мексикийн мафийн загалмайлсан эцэг Чапо Гузманы хүүхдүүдийн Лос Чапитос бүлэгтэй хамтран ажилладаг байжээ.
Ийм олон гэмт хэрэгтнийг нэг дор шилжүүлж өгсөн тохиолдол урьд өмнө байсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөрш орнууддаа 25 хувийн гаалийн татвар ногдуулахаар болж, хэрэгжилтийг гуравдугаар сарын 4 хүртэл түр хойшлуулаад байгаа. Мексикийн тал ийм өндөр татвар төлөхгүйн тулд АНУ-д эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнүүдийг бөөндөж шилжүүлж өгч байна. Америк, Мексикийн худалдаа, солилцоо жилд 800 тэрбум долларт эргэлддэг. Мексик улс гаалийн өндөр татвар төлөхгүйн тулд боломжтой бүх хэлэлцээг хийсээр байна.