XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийг угтаж Монгол улсын Ерөнхийлөгч цол, тэмдэг гардууллаа. УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр "Алтангадас" одонгоор энгэрээ мялаалгасан юм.
Тэрээр "Төрдөө үнсүүлж, энгэрээ мялаалгалаа. Уран бүтээлч хүний хувьд их хариуцлагыг хүлээлгэлээ гэж ойлгож байна. Ижий аав хоёрын минь зөв, сайхан явсны буян нь над дээр ирж, би энэ эрхэм хүндтэй шагналыг хүртлээ гэж бодож байна.
Би МУГЖ Л.Дэмидбаатар гэж гайхалтай хүний шавь.
Өнөөдөр багш маань миний дэргэд байхгүй ч гэсэн зүрх сэтгэлд маань үүрд мөнхөд оршиж байдаг. Хэрвээ багш маань амьд сэрүүн байсан бол хамгийн түрүүнд нулимсаа барьж ядаад дэргэд минь байх байсан гэж бодож байна. Миний сэтгэлд үүрд мөнх орших багштайгаа хамт шагналаа авлаа. Багшдаа маш их баярлалаа. Энэ хүртэл хамт байсан бүгдэд баярлалаа. Энэ их хариуцлагыг дааж явахын тулд маш их хичээж ажиллана аа" гэв.