Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.03.01 08:50
4465
АНУ, Украины лидерийн уулзалт бүтэлгүйтэж, Зеленский Цагаан ордныг орхин гарчээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д ирж Цагаан ордонд Дональд Трамптай уулзлаа. Тэд гар барьж суусан ч уулзалт таагүй уур амьсгалтай өрнөж, Зеленский үг хаяж, Трамп “Талархаж сурах хэрэгтэй” хэмээн сургаал айлдав. Зеленский “Путинд ямар ч буулт хийхгүй, тийм юм байхгүй” хэмээн зөрүүдэлж, Трамп “Киев зарим нэг буулт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол Оростой энхийн тохиролцоонд хүрч чадахгүй” гэжээ.
“Бид та нарт 350 тэрбум доллар өгсөн. Одоо та нарын байдал хүнд байна. Та нарын гарт хүчтэй хөзөр алга. Бид танай улсыг аварч, дайныг зогсоохыг хүсэж байна. “Би дайныг зогсоохыг хүсэхгүй байна” гэж та хэлж болохгүй” хэмээн Цагаан ордны эзэн хэлсэн аж. Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Зеленскийг “Та хүндэтгэлгүй хандаж байна. Ядаж баярлалаа гэж хэлсэн үү?” хэмээн хажуугаас нь зэмлэв.
Үүний дараа талууд яриагаа тасалж, Зеленский Цагаан ордныг орхин гарчээ. Хоёр Ерөнхийлөгч хамтарсан хэвлэлийн хурал хийх байсан нь цуцлагдав. Ашигт малтмал олборлох гэрээнд гарын үсэг зурсангүй. Трамп Truth social хаягаараа дамжуулан “Тэр энх тайванд бэлэн болсон цагтаа буцаж ирж болно” хэмээн бичжээ.