Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-аас Их Британид ирж Ерөнхий сайд Кир Стармертай уулзсаны дараа Европын лидерүүд Лондонд цуглаж Киевийн талд тууштай зогсож буйгаа илэрхийллээ.
Украинд аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй, энх тайван шударга зарчим дээр тогтох ёстой хэмээн Европ санал нэгдэж байна. “Жинхэнэ энх тайван, аюулгүй байдлын баталгааны төлөө Америктай хамтран ажиллах найдвартай үндэс суурь бий болгохоор бид Европт ажиллаж байна. Европын эв нэгдэл маш өндөр түвшинд байна” хэмээн Зеленский мэдэгдэв.
Лондоны дээд хэмжээний уулзалтад Германы канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Финландын лидер Александр Стубб, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Испани, Нидерландын Засгийн газрын тэргүүн Педро Санчес, Дик Шуф, Данийн лидер Метте Фредериксен, Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон, Италийн Засгийн тэргүүн Жоржиа Мелони, Норвеги, Чехийн лидер Йонас Стере, Петр Фиала, Румыний Илие Боложан, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан, Еврокомиссийн тэргүүн Урсула фон дер Лейен, НАТО-гийн тэргүүн Марк Рютте, Европын зөвлөлийн дарга Антониу Кошта нар оролцлоо.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зочноор иржээ. Европ тив Украинд энх тайван тогтоох төлөвлөгөө боловсруулж, дараа нь АНУ-д танилцуулахаар болов. Англи, Франц голлон санаачилсан төлөвлөгөөгөөр Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлж, Украинд аюулгүй байдлын найдвартай, урт настай баталгаа гаргаж өгөхийг зорьж байна.
Лондоны уулзалтад ирсэн улс орнууд нэгдүгээрт батлан хамгаалах зардлаа нэмэх, цаашдаа Украинд Европын цэргийг оруулж Оросын армийн өөр болзошгүй довтолгоог няцаах замаар дээрх зорилгод хүрнэ гэжээ. Мөн АНУ-ыг аюулгүй байдлын баталгаа болох ёстой гэж үзэж байна. Их Британи Киевийн агаараас эсэргүүцэн хамгаалах системд зориулж нэмж 1.6 тэрбум паундын тусламж үзүүлэхээр боллоо. Европын лидерүүд Украинд үзүүлдэг цэргийн тусламжаа үргэлжлүүлж, Москвагийн эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахаар тохиролцов. Мөн энхийн ямар ч хэлэлцээнд Украин улс оролцох ёстой хэмээн үзэж байна.