Геологийн хайгуул хийх IM-2 хөтөлбөрийн Athena төхөөрөмжийг дэлхийн мөнхийн дагуул Саран дээр буулгажээ. Уг техникээр Сарны гадаргууг өрөмдөж мөс буюу ус байгаа эсэхийг судлах гол зорилготой. Мөс илэрсэн тохиолдолд хэмжээ, эзлэхүүн болон Саран дээр бааз байгуулахад тохиромжтой эсэхийг судлан тогтоох аж.
Athena-гийн нүүрэн хэсэгт бэхэлсэн Trident өрмөөр гадаргууг өрөмдөж газрын гүнээс дээш нь гаргаж ирсэн дээжийг камер болон мөсний эрэл хайгуулд ашигладаг MSolo жин-спектр хэмжигчийн тусламжтайгаар судлан шинжлэнэ.
Мөн Athena-д бэхэлж илгээсэн Grace төхөөрөмж Саран дээр өвөрмөц судалгаа хийнэ. Жижиг шүүгээний хэмжээтэй уг төхөөрөмж Саран дээр очсоны дараа Athena-аас салж 25 хүртэл км зайд нисэж усаар баян байж магадгүй сөнөсөн галт уулын тогоонуудыг тандах аж. Уг төхөөрөмж лааван хонгил дотуур ч нисэх, хэсэх чадвартай хэмээн эрдэмтэд баталж байна.
IM-2 хөтөлбөр нь Сарны өмнөд туйлд мөс, ус байгаа эсэхийг тогтоох гол зорилготой. Америкийн сансар судлалын агентлаг (NASA) хүн амьдран суух баазыг ирээдүйд Саран дээр байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тухайн газар орны нөөц баялгийг ашиглахгүйгээр ийм бааз байгуулах боломжгүй хэмээн үзэж байна. Тоног төхөөрөмжийг хөргөх, хоол унд, барилга байгууламж, түлш үйлдвэрлэхэд хамгийн түрүүнд ус хэрэгтэй байдаг ажээ.