Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.03.10 23:21
2019
УИХ-ын тогтоолоос давсан гэрээгээр Ухаа худагийг “Энержи ресурс”-д өгсөн нь хууль бус шийдвэр

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад баялаг, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 1992 оны Үндсэн хуульд “... төрийн өмч мөн” гэж заасан байсныг 2019 онд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулга “нийтийн өмч” болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аар хэлэлцэхдээ “төрийн нийтийн өмч” болгон өөрчилсөн байдаг.

Энэ нэр томъёо нь баялгийн эзэн чухам хэн болох талаар маргаан дагуулсан, бүрхэгдүү заалт ч гэлээ нөгөө талаар хэдхэн хүн баялагт эзэн суухаас хамгаалсан эрх зүйн зохицуулалт юм. Үндсэн хуульдаа ингэж заачихаад байхад нэдэр дээрээ монголын баялаг хэдхэн гэр бүлийн эзэмшилд оччихсоныг бид нийтээрээ харж буй.

Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар алдаатай ч, оноотой ч олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулж чадсан. Уг хуулийн хүрээнд хувийн хэвшлийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдолтой ордуудын тодорхой хувийг төрийн мэдэлд шилжүүлэх хэлцэл хийх гэж байгаа нь нэлээд маргаан дагуулж буй.

Нэг хэсэг нь төр хувийн хэвшлийн өмчид халдаж байгаа энэ үйлдэл нь эргээд социализм руугаа шилжих эхлэл болж байна хэмээн шүүмжлэх. Нөгөө хэсэг нь өвөг дээдсээс өвлүүлж ирсэн газар нутаг дээрх баялгийн үр өгөөжийг хэдхэн гэр бүл биш нийтээрээ хүртэх эрхтэй хэмээн зөвтгөх. Ямартай ч Засгийн газар энэ ажлыг гардан хийх БЭТ-өө ч томилоод авсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад стратегийн хэмээн бүртгэгдсэн 16 орд буй. Эдгээрээс долоо нь төрийн мэдэлд байгаа бол хоёрыг нь “Мак” ХХК эзэмшиж буй. Үлдсэн долоон ордод гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олборлолт хийж байгаа. Эдгээрээс гадна дахиад 39 бүлэг ордыг “стратегийн орд” ангилалд оруулах тухай олон жил яригдаж байгаа ч шийдэгдээгүй.

Төр хувиа авахаар зэхэж буй ордуудын нэг нь Ухаа худаг. Энэ нь стратегийн ордын нэг Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаардаг. “Энержи ресурс” ХХК нь 1999 онд Таван толгойн ордод хайгуул хийхээр лиценз авч, улмаар 2007 онд ашиглалтын лиценз авсан. Тус компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэдэг ч түүнээс 10 жилийн өмнө буюу 1989 онд БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсгийн тайланд тус ордыг нийт 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тэмдэглэснийг УИХ-ын дарга асан З.Энхболд саяхан нүүр номондоо нийтэлсэн. Тэгэхээр улсын төсвөөр хэдийнэ хайгуул хийгээд нөөцийг нь тогтоочихсон ордыг “Энержи ресурс” ХХК-д үнэ төлбөргүй бэлэглэчихсэн байгаа юм.

З.Энхболд дээрх нийтлэлдээ “Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр нэг тэрбум 275 сая $, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ.” хэмээн тооцоолсноо мөн бичжээ.

Гэвч бодит байдал дээр Ухаа худагт олборлолт явуулж эхэлсэн 2009 онд нүүрсний экспортын үнэ тонн нь 7 ам.доллар байсан бөгөөд жил ирэх тусам бага багаар нэмэгдсээр 2014 онд 19.5 ам.доллар, 2019 онд 36.6 ам.доллар, 2024 онд 83.8 ам.долларт хүрч байсан нь Статистикийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна.

Тэгэхээр З.Энхболд нар хэтэрхий өөдрөгөөр төсөөлж тооцоолсон байж болох ч уурхайг ашиглаад 15 жил өнгөрсөн болохоор нөөцийн 50 хувь нь “үнс” болсон байх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс багадаа 200 сая тн нүүрснээс олох орлогоо алдсан гэсэн үг.

2009 онд С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрээр Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү “Энержи ресурс”-тай хэлцэл хийн гэрээ байгуулахдаа Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг төрийн мэдэлд авч, дөрвөн хувийг тус компаний эзэмшилд үлдээхээр тохиролцсон байдаг. Гэвч энэ нь өөрөө хууль бус шийдвэр байсан гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр УИХ-аас баталсан “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын дөрөвдүгээртСтратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.” гэж маш тодорхой заасан байдаг. Цагаан дээр хараар бичсэн энэ тогтоол legalinfo.mn сайтад одоо ч байршиж байгаа, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.

Тэгэхээр УИХ-аас зөвхөн санал боловсруулан, эргээд УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг Засгийн газарт өгчихөөд байхад Засгийн газар дангаараа шийдвэр гаргасан нь өөрөө хууль бус болж байгаа юм. Хууль бус шийдвэрийн хүрээнд хийгдсэн гэрээ хэлцэл ч мөн хууль бус байх нь дамжиггүй. Нэгэнт хууль бус бол залруулж, хуулийн дагуу ажиллуулах эрх нь ч төрд нээлттэй биз ээ.

Энэ удаад Ухаа худагийг онцоллоо. Маргаан дагуулж буй бусад ордын талаар цувралаар хүргэх болно.