Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрээр:
Монгол Улсын шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна.
Зүүн аймгуудад ойрын өдрүүдэд гарсан гал түймрийн хор уршгийг арилгах, түймэрт өртсөн айл өрхүүдэд УОК-ын тусламжийн барааг хүргэх зорилготой. Өнөөдөр Хэнтий аймгийн Онцгой комисстой хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламжийн баг, МААЕГ, ХХААХҮЯ, ГБХХЯ, НХҮГ-ын төлөөлөл ажиллаж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан түймэрт таван өрхийн долоон гэр, 300 гаруй мал өртөөд байна. УОК-оос өрх бүрд гэр болон хүнс, ойр зуурын хэрэглээний барааны тусламж үзүүлнэ.
Эмнэлгийн баг айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
ХХҮЕГ-ынхан түймэрт өртсөн айл өрхүүдийг хэрхэн малжуулах талаар газар дээр нь ажиллана.
Өнөөдөр /2025.03.11/ 19 цагийн байдлаар 39 гэр, 40 гаруй хашаа саравч түймэрт өртөөд байна.
Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багт гарсан түймрийг бүрэн унтраалаа.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сум мөн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан түймрийн цурамд орууллаа.
Ажлын хэсэг маргааш Баян-Овоо суманд ажиллана.
Тал хээр бүс нутагт хуурайшилт ихтэй, өндөр эрсдэлтэй байгаа тул иргэд гал түймрээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтээрээ идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.