Пакистаны баруун өмнөд хэсгийн Балочистан мужид зэвсэглэсэн салан тусгаарлагчид галт тэрэг рүү довтолж машинистыг шархдуулаад 450 гаруй зорчигчийг барьцааллаа хэмээн орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. “Балочистаны чөлөөлөх арми” бүлэг Кветта хотоос Хайбер-Пахтун муж руу явж байсан галт тэргийг довтолсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тус бүлгийнхэн Пакистаны зургаан цэргийг устгасан хэмээн мэдэгдээд Пакистаны арми салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаа явуулбал барьцааны хүмүүсийг хөнөөнө хэмээн анхааруулжээ. Эрх баригчид онц байдал зарлаж, хүчний байгууллагуудыг дайчилж бэлэн байдалд оруулсан хэмээн Балочистан муж дахь Засгийн газрын төлөөлөгч Шахид Ринд ярилаа. Галт тэргийг довтолж, зорчигчдийг барьцаалсан газар аюулгүйн хүчний ажилтнууд очоод байна. Балочистан нь Ираны зүүн хэсгийн уулархаг бүс нутагтай залгаа, хүн ам тархуу суурьшсан бүс нутаг. Хүн амын гол цөмийг исламын суннит урсгалын балочи үндэстнүүд бүрдүүлдэг. Балочистан дахь мөргөлдөөн 1948 оноос эхтэй. Тэр үед Их Британи бүс нутгийг орхин гарахад Пакистан улс үүсэн бий болж пенжаб үндэстэн давамгайлах болж, балочи нар төр улсгүй хоцорсон юм. Тэр цагаас эхлэн салан тусгаарлагчид Балочистаны тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж, Засгийн газрын цэргүүдийг нэг бус удаа довтолж байв.