Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.12 09:46
534
Б.Билэгт: 13,9 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авахад ямар шинэчлэл хийж байна вэ? 

Авлигын эсрэг хууль болон нийтийн албанд нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар сарын 15-ний дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг үүрэгтэй. 

Нийтдээ 48 мянга гаруй нийтийн албан тушаалтнууд 100 хувийн ирцтэйгээр хөрөнгө орлогоо мэдүүлсэн.  Хөрөнгө орлогын мэдүүлэг 2024 оны УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5-р тогтоолоор өөрчлөгдсөн.

Тухайлбал мэдүүлэг гаргагч крипто валют, койн, токен зэрэг виртуал хөрөнгүүдээ мэдүүлдэг болсон. 

Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг тоног төхөөрөмж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үйл ажиллагааны орлогоо татвар шимтгэл төлснийхөө дараа мэдүүлдэг болсон. 

Өнгөрсөн жил хэчнээн албан тушаалтны хөрөнгө орлогыг хянаж шалгасан бэ? 

Нийтдээ 281 албан тушаалтны хөрөнгө орлогыг хянаж шалгасан. Үүнээс 38 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэл мэдээллийг илрүүлсэн.  8 албан тушаалтанд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад шалгаж байна. Үлдсэн 22 мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа. 

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, эрсдэлд суурилсан, иргэд олон нийтээс ирсэн гомдлын мөрөөр шалгалт хийдэг. 

Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, мэдүүлэхээс зайлсхийсэн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? 

Хугацаа хожимдуулж хөрөнгө орлогоо мэдүүлсэн албан тушаалтныг цалингийн хэмжээний 30 хувийг 3 сарын хугацаанд бууруулах, удаа дараа энэхүү зөрчлийг гаргасан бол албан тушаал бууруулах, албанаас чөлөөлөх гэсэн сахилгын шийтгэл оногдуулдаг. 

Гадаад улсаас хөрөнгө буцаах ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Монгол Улс авлигын эсрэг үндэсний конвенцод 2005 онд нэгдэн орсон байдаг.

Авлигатай тэмцэх газар 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 13,9 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг Монгол Улсад буцаан авчирсан.

Жишээлбэл Лондон хотод байрлах орон сууцыг илрүүлж тус хөрөнгийг буцаан татсан байгаа. 

Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаас илүүтэйгээр төрийн өмчид авч бүртгээд, хохирогч байгууллагуудын нэр дээр бүртгэлжүүлээд, тухайн хөрөнгийг түрээслүүлж сайн үйлсийн аянд зарцуулж байгаа. 

Дотооддоо гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр мэдээлэл өгөхгүй юу? 

2024 онд 417,2 тэрбум төгрөгийн хохирол гэмт хэргийн улмаас учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 240,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн. 23,6 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан. 

50,2 тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгийг хураан авч хамгаалсан. Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа. 

Иргэдийн санал гомдлыг хэр хугацаанд яаж шийдвэрлэж байна? 

2024 онд гэмт хэргийн шинжтэй 1903 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан. Үүнээс 676 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Гомдол мэдээллийн шийдвэрлэлт өнгөрсөн оноос 99,5 хувьтай буюу 2,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. 

Ярилцлага үзэх: