m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.03.13 13:31
1637
K-dramа-гийн од Ким Со Хён жүжигчин бүсгүй Ким Сае Роны үхэлд холбоотой юу?

Ким Со Хён K-dramа буюу орчин цагийн солонгос сериалд тоглож нэр алдрын оргилд гарсан юм. Гэвч түүний нэр хоёрдугаар сарын 16-нд сайн дураараа хорвоог орхисон байдалтай олдсон залуу жүжигчин бүсгүй Ким Сае Ронтой холбогдон шуугиан дэгдээд байна. Саяхан Юүтүбийн HoverLab Inc сувгаар, 37 настай жүжигчин залуу 24 настай жүжигчин бүсгүйтэй олон жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байсан хэмээн мэдээлсэн юм. Ким Со Хён 27-той байхдаа 15 настай Ким Сае Ронтой “найзалж” эхэлсэн бололтой.

Ким Сае Рон жүжигчин залуугийн төрсөн өдөр амиа хорлосныг санах хэрэгтэй. Жүжигчин бүсгүйг насанд хүрээгүй байхад нь хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн гэдэг мэдээ цацагдсаны дараа Ким Со Хёний зар сурталчилгааны гэрээнүүд эрсдэлд орж, мэргэжлийн замналд нь үүнээс өмнө, үүнээс хойно гэсэн ангал гарч магадгүй болжээ. Ким Сае Роныг насанд хүрээгүй байхад тэдний харилцаа эхэлж, жүжигчин залуу цэргийн албанд мордсоны дараа ч харилцаа үргэлжилж байсан аж. Эх сурвалж баталж буйгаар, тэдний романтик харилцааг киноны ертөнц дотор нууцалж байсан бөгөөд Ким Со Хён насны ялгааны улмаас харилцаагаа ил тод зарладаггүй байжээ.

Залуу насны ялгаагаа ашиглан романтик харилцаа үүсгэхийн тулд насанд хүрээгүй хүүхдийн толгойг эргүүлсэн хэмээн хэвлэлээр бичиж байна. HoverLab Inc суваг мэдээлж буйгаар, Ким Сае Рон жүжигчин залуугийн үүсгэн байгуулсан Gold Medalist агентлагт 480 мянган долларын өртэй байсан, өрөө төлөх хугацаа нэмж олгооч хэмээн өнгөрсөн онд Ким Со Хёнд захиа бичиж байжээ. Энэ өр нь Ким Сае Рон согтуугаар автомашин жолоодож осол хийсний дараах дуулианы дараа цугларсан өр байв. “Чи надад дахиад хугацаа олгоно гэж хэлсэн. Би урлагтаа эргэн ирэхээр нөр их хөдөлмөрлөж байна. Ажил, төсөл болгоныхоо дараа би өрөө хүүтэй нь төлөөд явна. Яг одоо бол ямар ч боломж алга. Хүсээгүйдээ биш, чадахгүй байна. Өргөдөл гаргах хүртэл ингэж явах хэрэг байсан юм уу? Намайг авраач, гуйж байна. Дахиад хугацаа өгөөч” хэмээн Ким Сае Рон түүнд бичиж байжээ. Ким Сае Рон зурвас бичиж холбоо тогтоохыг оролдож байсан ч Ким Со Хён тоогоогүй орхисон аж. Gold Medalist агентлаг яаран мэдэгдэл хийж, тэдний хооронд романтик харилцаа хэзээ ч байгаагүй хэмээн батлаад HoverLab Inc сувгийн эсрэг шүүхэд гомдол гаргана гэв. Ийнхүү жүжигчин бүсгүй К-drama-гийн од залуутай хайр сэтгэлийн харилцаатай байсан, түүнээс болж амиа хорлосон гэх дуулиан шүүх рүү шилжлээ. Албан ёсны шийдвэр, мэдэгдэл гартал өөр мэдээлэл өгөхгүй хэмээн жүжигчний төлөөлөгч мэдэгджээ.