Украинд гал зогсоох саналыг Орос зөвшөөрч байгаа, гэхдээ энэ нь зөвхөн урт удаан энх тайванд хүргэх нөхцөлтэй бол хүлээн зөвшөөрнө хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин Белорусийн лидер Александр Лукашенкотой хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. 30 хоногийн хугацаатай эвлэрлийн нарийн ширийн зүйлийг тооцож үзэх шаардлагатай хэмээн тэрээр үзэж байна. Нэг сар гал зогсоох хугацаанд Украин дайчилгаа явуулахгүй, зэвсэг авахгүй, цэргүүдээ бэлтгэхгүй байх ёстой гэсэн баталгааг Орос шаардаж байгаа аж. “Энэ 30 хоногийг яаж ашиглах гэж байгаа юм? Украинд албадан дайчилгаа явуулж, тийшээ зэвсэг нийлүүлж байлдах бэлтгэлээ хангах уу? Энэ бүгдэд яаж, хэрхэн хяналт тавих вэ? Ийм юм болохгүй гэх баталгааг бидэнд хэн өгөх вэ? Байлдааны үйл ажиллагааг зогсоох тушаалыг хэн өгөх вэ? Энэ тушаалын үнэ цэнэ ямар байх вэ зэрэг олон асуулт гарч ирж байна” хэмээн Путин ярилаа. Тэрээр Украины хямралыг зохицуулахаар их анхаарал тавьж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт талархал илэрхийлээд түүнтэй утсаар холбогдож эвлэрлийн саналыг ярилцаж болно хэмээн хэллээ. “Бид бүгдээрээ улс дотроо ажил ихтэй байгаа. Гэвч олон улс орны лидерүүд, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн удирдагчид энэ асуудалд багагүй анхаарал тавьж байна. Бид та бүгдэд талархаж байна. Энэ бүх хүчин чармайлт нь дайн байлдааныг зогсоох, хүний амь үрэгдэхийг зогсоохын төлөө байгаа” хэмээн Кремлийн удирдагч онцлон тэмдэглэв. Путин Курск дахь нөхцөл байдлын талаар ярилаа. “Курск дахь украин цэргүүдийг бид тал талаас нь бүсэлж байна. Украины зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Украин руугаа буцаж чадахаа болино. Машин, техник нь бүрэн хаягдсан, тэндээс гаргах боломжгүй болсон, тэндээ үлдэнэ. Ойрын өдрүүдэд бүрэн бүслээд авбал хэн ч тэндээс гарч чадахгүй. Хоёр л арга байна, бууж өгч олзлогдох, эсвэл үхэх. Энэ нөхцөлд 30 хоногийн эвлэрэл нь Украины талд ашигтай тусна. Бид ч гал зогсоохыг дэмжиж байгаа, гэхдээ тодруулах нарийн ширийн зүйл байна” хэмээн Путин ярьжээ. Украин, Оросын байлдааны фронт бараг хоёр мянган км. Тэр урт фронт дээр хэн тушаал өгч гал зогсоох вэ, хэн, хаана тушаал зөрчихийг яаж мэдэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа аж. Гал зогсоохын тулд энэ бүх асуудлыг нарийн тодруулах хэрэгтэй хэмээн үзэж байна. “Гал зогсооно гэдэг нь ер нь зөв, бид дэмжиж байгаа” хэмээн Путин онцоллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Орос улс зөв алхам хийнэ гэж найдаж байна. Хэрвээ Украин дахь гал зогсохгүй бол бүгдэд дэмий л зүйл болно. Украины хямралыг бүрмөсөн дуусгах хувилбар дээр АНУ ажилласаар байна” хэмээн мэдэгджээ.