m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.03.14 10:41
1056
АНУ Оросын банк, нефтийн эсрэг хориг арга хэмжээг чангатгав

 

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Оросын нефть, хий, банкны салбарын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан шийдвэр гаргав. Хоригт орсон Оросын банкуудаар дамжуулж эрчим хүчний төлбөр тооцоо хийдэг гадаадын компаниудад олгодог 8L ерөнхий зөвшөөрлийг АНУ сунгасангүй. Уг зөвшөөрлийн хугацаа гуравдугаар сарын 12-нд дууссан юм. Ийнхүү Внешэкономбанк, “ФК Открытие”, Совкомбанк, Сбербанк, ВТБ, Альфа-Банк, Росбанк, банк “Зенит”, “Санкт-Петербург” болон Оросын Төв банк хоригт орж, гадаадын түншүүд Оросын нефтийг худалдаж авахад том хүндрэл гарахаар болов. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхийн нефтийн үнэ нэг торх нь таван доллараар нэмэгдэж магадгүй. 8L зөвшөөрлийг сунгахгүй байх шийдвэр нь Оросын нефтийн Европ дахь нийлүүлэлтийг багасгах дарамт шахалтын нэг хэсэг болж байгаа аж. Цагаан ордон Украинд 30 хоногоор гал зогсоох хэлэлцээг хийсээр байна. Трампын мэдэгдэж буйгаар, Америкийн төлөөлөгчид өчигдөр Москвад очиж Ерөнхийлөгч Путинтэй уулзаж хямралыг зохицуулах талаар ярилцсан аж. Вашингтоны хориг арга хэмжээ нь Украины хямралыг зохицуулах хэлэлцээ рүү түлхэх нэг тактик хэмээн бичиж байна.