ХӨСҮТ-өөс Улаанбурхан, менингкокын халдварын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр "Улаанбурхан өвчний 15 тохиолдол лабораториор бүртгэгдсэн дээр Өмнөговь аймагт гурван халдвар бүртгэгдэж улсын хэмжээнд нийт 18 тохиолдол боллоо. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт бүртгэгдэх магадлал өндөр байна. Чингэлтэй дүүргийн тохиолдлуудад тандалт судалгаа, сэргийлэлт хийж дууссан. Тэндээс илэрсэн хүүхдийн биеийн байдал тогтвортой байна.
Сургуулиудад цагаан сарын золголт хийсэнтэй холбоотой хавьтлуудын сэжигтэй тохиолдлууд ирж байна. 24-р сургууль, Эхлэл сургуулиудаас сэжигтэй тохиолдол ирсэн нь лабораториор батлагдаж байна.
Иймээс олон нийтийн байгууллага, иргэд, эцэг эхчүүд халдварт өвчний үеийн зөвлөгөөг сайн мөрдөөч ээ гэж хэлмээр байна. Эдгээр хүүхдүүдийг насны бүлгээр аваад үзвэл бага насны хүүхдүүд байна, эсвэл вакцины тун дутуу хүүхдүүд байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ вакцин хийлгэсэн эсэхт анхаарч, дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт менинггокын нэг халдвар бүртгэгдсэн. Биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.
Улаанбурханы эсрэг вакцинжуулалт чухал байна, вакцинаар сэргийлж болно. Вакцинжуулалтад хамрагдсан уу, би өвдөж байсан уу гэдгээ иргэн бүр тодруулж, яаралтай хамрагдах шаардлагатай. Томуу томуу төст өвчний талаар Хоолой өвдөх, улаанбурхан өвчин дээрээсээ шатлалтай тууралт гардаг. Ойр тойрны хүмүүст ийм шинж тэмдэг гарвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Улаанбурхны вирус 96-98 хувийн халдварлах чадвартай. Тууралт гарснаас хойшхи 4 хоногт халдвар тараах аюултай мөч. Тиймээс иргэд хамтран ажиллаж, таны ойр хавьд улаанбурхан өвчин гарсан, хавьтал болсон бол эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.
Дэлхий дахинд улаанбурхан өвчний халдвар өндөр тархаж байгаагийн дотор манай иргэдийн ихээр зорчдог Вьетнам, Тайланд, ОХУ-д дэгдэлт өндөр түвшинд бүртгэгдэж байна. Иймээс иргэд аялах зорчихдоо өөрийгөө хамгаалах вакцинд хамрагдаж байсан эсэх, өвдсөн эсэхээ тодруулахыг зөвлөж байна.
Нөхөн дархлаажуулалт болон товлолт вакциныг өрх дүүргийн эмнэлэгт, сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-д хийж байна.