Монголд үүссэн хүний нөөцийн дутагдлын талаар Zangia.mn-ийн үүсгэн байгуулагч Б.Түвшинтулгатай ярилцлаа.
-Сүүлийн үед үүсээд байгаа хүний нөөцийн дутагдал юунаас болж үүсэв. Танайх энэ чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдгийн хувьд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Хүний нөөцийн 90-95 хувь нь Зангиа.мн-ээр эргэлдэж байдаг. Ажлын байрны захиалгын хувьд 10 мянган ажил олгогч манайд бүртгэгдсэнээс улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийг харах, анализ хийх боломж бүрдэж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлийн хомсдол улсын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болсон. Компаниуд, төрийн байгууллага хэрэгтэй хүнээ олж чадахгүй байна. Энэ нөхцөл хэрхэн үүссэн бэ гэхээр дээд боловсролын систем чадварлаг хүн бэлдэж, хөдөлмрийн зах зээлд нийлүүлэх ёстой. Одоогийн байдлаар 135 мянган хүн их дээд сургуульд сурч байгаа. Эдгээрийн дөрөвний нэг нь төгсч зах зээлд орохдоо ур чадвараар гологдоод байна. Нөгөө талд бид хүний ур чадвард, хүндээ хөрөнгө оруулалт хийлгүй явж иржээ. Монгол хүний бүтээмжтэй болох, өндөр цалинтай болгох сэдэв улсын хэмжээнд хаягдаад 30 жил болж байна. Тэр үр нөлөө одоо харагдаж байна.
Компаниудын хувьд сэтгэлгээ ч хоцрогдсон байна. Тэдний зүгээс хамгийн хямдаар хүн ажилллуулаад, зөвхөн шаардлагатай ажлуудыг хийлгээд байх сонирхолтойгоос биш энэ хүн хөгжиж байна уу, дэвшиж байна уу, аз жаргалтай байна уу гэдэгт анхаарахгүй байна.
-Иргэдийн зүгээс цалин орлого бага, дунджаас доогуур цалинжуулдгаас иргэд ажлын байр сонирхохгүй байна шүү дээ. Байгууллагууд үүн дээр ямар бодлого баримталж байна?
-Цалин хөлс, ур чадвараас үүдэж хүний нөөцийн дутагдал үүсч байна. Инфляци өндөр байгааг цалингийн өсөлт гүйцэхгүй байна. Ковидоос хойш л гэхэд 60 мянган залуу гэр бүлтэйгээ гадагшаа ажил хийхээр явж байна. Тэнд цалингаараа амьдарч болж байгаагаас гадагшаа явах сонирхолтой байна. Монголд авч байгаа цалин хангалтгүй, байр үнэтэй байна. Хажуугаар нь утаа, бохирдол, түгжрэл гээд олон зүйл нөлөөлж иргэд гадагшаа явахыг илүүд үзэж байна. Цалинг бодлогын зохицуулалтаар , макро эдийн засгийн түвшинд арга хэмжээ авч байж өснө. Цалин иргэдийн амьдралд хүрэхгүй учраас ажил хийх сонирхолгүй байна.
Цалингаас гадна нэг том асуудал байгаа нь үр бүтээмжийн асуудал хөндөгдөнө. Өнгөрсөн сард л гэхэд зангиа.мн сайт дээр 20 мянган ажлын байр зарлагдаж, үүн рүү 39 мянган иргэн саналаа явуулсан.
Маш их ажлын байр байна, өндөр цалин тавьдаг ч түүнд тэнцэх боловсон хүчин алга байна. Монголд хоёр толгойтой мангас шиг гажуудал үүссэн. Ажилгүйдэл их байна гэдэг ажлын байр байхгүй , ажлын байр их байна гэдэг ажилгүйдэл байхгүй байх ёстой. Гэтэл манайд аль аль нь бий болсон. Хоорондоо нийлж, уялдахгүй байна.
Сүүлдээ компаниуд хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй ТОП таван хувийн үр бүтээмжтэй хүмүүсээ булаацалддаг систем рүү орж байна. Чадварлаг хүмүүсээ булаацалдаж ажилд авлаа гэхэд үлдсэн 95 хувийн хүмүүсээ яах вэ. Энэ хүмүүсийг бодлогоор шийдэхгүй бол хувийн хэвшил зөвхөн өөрийн ажилтдаа л бодохоос нийгмийн асуудалд анхаарал тавихгүй. Гологдоод байгаа хүмүүс дандаа залуучууд байгаа шүү дээ. Эдгээр залуучууд ирээдүйд ямар ажил хийж, хэдэн төгрөгийн цалин авч, ямар бүтээмжтэй хүн болох вэ гэдэгт төр бодлогоор оролцох ёстой. Хүмүүс зөвхөн халамжаар амьдрах юм уу, бид зөвхөн нүүрсээ зарах юм уу. Бидэнд хүнээ хөгжүүлэх асар чухал шаардлага, бодлого хэрэгцээ байна.
-Их дээд сургуулийн боловсрол чанаргүй байна уу?
-Тийм, чанаргүй байна. Их дээд сургуулийг сайжруулъя гэхээр 5-10 жил зарцуулна. Төрийн бүх юм удаан явдгийг бид сайн мэднэ. Зөв бодлого урт хугацаандаа боловсруулахаас гадна богино хугацаанд хэрхэх бодлого хэрэгтэй байна. Хөдөлмөрийн зах зээлийг авч үзэхэд хүнд хөрөнгө оруулснаар яг надад оновчтой ашиг харагдахгүй байгаагаас хэн ч ийшээ хөрөнгө оруулахгүй байна. Иймээс үүнийг бодлогоор шийдэж, төр хувийн хэвшил хамтрах ёстой. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад ЗГ нь санаачилгаараа их сургуулиас гадна мэргэжлийн төвүүдийг ихээр байгуулсан. Ойрын хугацаанд энэ нь мөнгө олохгүй ч урт хугацаандаа иргэдийн бүтээмж өснө. Нийгмээрээ ийм бүтээмжгүй яваад байвал урт хугацаандаа эдийн засагт сөрөг нөлөөтэй.
-1990-ээд онд төрөлт бага байснаас тэр цонх үе одоо таарч, ажиллах хүчний дутагдалд орж байна гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Үнэний ортой ч яг суурь нь биш. Гадуур юу л байна ажлын байр байна ажил хийх хүн олдохгүй байна гэдэг өөр шалтгаантай.
-Халамж хэт хавтгайрснаас ажил хийх хүн байхгүй байна уу?
-Энэ асуудлын нэг том хэлбэр болоод байгаа юм. Халамж, хишиг гэж үе үе тараадаг. Үүнийг ард түмэндээ хэтдээ хэрэгтэй хөрөнгө оруулалт хийх байсан. Олон улсад компаниуд жилд дунджаар цалингийн фондынхоо 5 хувийг ажилчдын ур чадварыг хөгжүүлэхэд зарцуулдаг. Монголд энэ статистик олон улсынхаас 10 дахин бага байдаг. Монголын компаниуд ажилтны хөгжил, ур чадварын бүтээмжийг дээшлүүлэхэд анхаардаггүй. Хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг. Хүнээ хөгжүүлээд бүтээмжтэй хүн болвол бид нүүрс төдийгүй айтий, шинжлэх ухаан технологи бүх л салбарт ажиллах , өрсөлдөх боломжтой.
-Ажил горилогчдын хувьд ямар сэтгэл зүйтэй байна, тэд юу хүсч байна?
- Иргэн хүний хувьд ажилд орлоо гэхэд хамгийн түрүүнд цалин чухал. Амьжиргааны өртөг өдрөөс өдөрт өсч байна. Зээлээ төлөх шаардлага гарна. Үүнд нь хүрэлцэхүйц цалин чухал. Цалингийн асуудал шийдэгдэхгүй бол монголын залуучууд бүгд л гадагшаа явах хүсэлтэй байна.
-Манайхан өөрсдөө ажил хийж чадаж байна уу. Жишээ нь барилга , үйлчилгээний салбарт гаднаас ажиллах хүчин авдаг. Гэтэл дотоодод улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 5.3 хувьтай байна?
-Энэ бол үр бүтээмж, ажлын байрны соёлтой холбоотой. Барилгын салбарынхан хэлдэг л дээ гаднаас авсан нь дээр гээд. Монголчууд цалингаа авахаараа архи уугаад алга болдог, найдваргүй гэдэг. Тэгвэл захирлууд хүмүүсээ ажлын байрны соёлтой, ажилд хэвшүүлэх асуудал байгаа юм. Жил бүр хэдэн арван мянган хүүхэд хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байна. Энэ хүмүүсээ хөгжүүлээд, ур чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн архи ууж байгаа хэдхэн нөхдөөр биш цаана нь ажил хийх сонирхолтой хүмүүсээ сургаж, нийгмийн идэвхтэй болговол нийгэм, эдийн засаг тэлнэ. 100 мянган ажилгүй хүн ажилтай цалинтай болоод бараа худалдан аваад үйлчилгээ аваад, нийгмийн харилцаанд орж эхэлвэл эдийн засаг өөрөө сэргэнэ.
-Танайх мөн зангиа академи онлайн сургалт зохион байгуулдаг. Хүмүүс хэр идэвхтэй оролцож байна?
-Зангиа академи цахим хуудаст иргэд онлайнаар суралцах, бүтээмжээ дээшлүүлэх сургалтыг байршуулсан. Өнөөдөр энэ түгжрэл, өндөр инфляцийн үед иргэд танхимаар суралцах боломж хэр байгаа билээ. Тиймээс бид үүнийг бодолцож онлайнаар суралцах боломжтой, үнэ бараг 0 төгрөгөөр 200 төрлийн хичээл тавьсан. Одоогоор 230 мянган хүн суралцаж байгаа ч энэ нь хангалтгүй тоо. Бусад компаниуд ч гэсэн энэ төрлийн үйлчилгээ явуулж, иргэдийнхээ бүтээмжийг илүү дээшлүүлэхэд анхаараасай гэж хүсч байна.