m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.03.14 14:17
1345
А.Энхжин: Энэ онд "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 870 тэрбум төгрөгийг ноос , ноолуурын салбарт олгоно

Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжингээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Арилжааны банкуудын зээлийн эрэлт хэр байна?

Өнгөрсөн жил хэрэглээний зээлийн өсөлт их байсан. Одоо эсрэгээрээ бизнесийн зээлийн өсөлт ажиглагдаж байна. Зээлийн өсөлт дунджаар 30 хувь байна. Эдийн засгийн идэвхжлээ дагаад бизнесийн зээл их байна. УИХ, ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй холбоотой зээлийг өдөөж байна. Энэ оны хувьд "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд 870 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр ноос , ноолуурын салбарт олгоно. "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн зээл олгох байснаас 700 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Энэ жил үлдсэнийг олгоно гэх төсөөлөлтэй байна. Эдийн засгийн орчин харьцангуй таатай байгаа. Энэ нь эргээд эрэлтийг дэмжиж, инфляцийн өсөлт бий болох эрсдэл дагуулна. Үүнээс улбаалаад бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан. 

-Бодлогын хүүг өсгөх шийд гаргалаа. Нөгөө талаас энэ жил мега төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Зах зээлд мөнгөний нийлүүлэлт явагдана. Тэгэхээр төр засгаас явах шийдвэр, Монголбанкны бодлоготой хэр уялдах вэ? 

-ЗГ-аас 14 мега төсөл, нийслэлээс 20 гаруй төсөл хэрэгжүүлэхээр байгаа. Энэ төслүүд бүгд энэ онд хэрэгжиж эхэлнэ гэсэн үг биш. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Үүнийг төвбанк эдийн засгийн төсөөлөлдөө тооцоолсон байгаа. Гашуунсухайтын хил холболт, Ураны ордуудын эдийн засаг дахь нөлөө эерэг байна. Том төслүүд дотоодын эрэлтийг нэмэгдүүлнэ. Ингэснээр инфляцийн дарамтыг бий болгоно. Том төслүүдийг дотоодын эх үүсвэр биш гадаадын эх үүсвэрээр санхүүжүүлэхгүй бол төлбөрийн тэнцэл дээр дарамт учруулна. 

-Уул уурхайн салбар экспортын хэдэн хувийг эзэлж байна?

-Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Үлдсэн хувийг хөнгөн үйлдвэр буюу ноос ноолуурын салбар эзэлж байна. Хөдөө аж ахуйн бус салбар уул уурхайн экспортыг нөхтөл хугацаа шаардана. Иймээс төр засгаас  экспортын орлогыг нэмэх , эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөнгөн үйлдвэрийн салбараа дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна.