Алдарт жүжигчин Жин Хакманы гэрээслэл ил болсон ч 80 сая долларын өв хөрөнгө нь хэнд очих нь тодорхойгүй үлдэв. Оскарын хоёр удаагийн шагналт Хакман сүүлийн 30 жил хураасан өв хөрөнгөө бүгдийг нь эхнэр Бетси Аракавад гэрээслэж үлдээсэн нь ил болжээ. Гэвч 65 настай Аракава 2025 оны хоёрдугаар сарын 11-ний орчим Нью-Мехико дахь гэртээ уушигны ханта вирусын улмаас нас барсан юм. 95 настай нөхөр Хакман тусламж дуудсангүй байсаар өөрөө хоёрдугаар сарын 18-ны орчим нас барсныг хэд хоногийн дараа олсон. Хакман Алцгеймер өвчин туссан байсан тул тусламж дуудаж чадаагүй хэмээн үзэж байна. Жүжигчин Жин Хакман 1956 онд Файе Малтезтэй гэрлэж Кристофер, Элизабет, Лесли гэсэн гурван хүүхэдтэй болжээ. Тэд 30 жил ханилаад 1986 онд салжээ.
Хакман 1991 онд сонгодог төгөлдөр хуурч Бетси Аракаватай гэрлэв. Сүүлийн үед эрүүл мэнд нь эрс муудаж байсан Хакман олон хоног харагдаагүй, хөршүүдтэйгээ холбоо бариагүй тул хөршүүд нь цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар ирж Хакманы гэрт ороход эхнэр, нөхөр хоёр хоёулаа нас бараад нэлээн хэд хоносон байсныг олжээ. Хакман гэрээслэлдээ хүүхдүүдээ оруулаагүй, бүх хөрөнгөө эхнэр Бетсид гэрээслэж үлдээсэн байв. Аракава нөхрөөсөө долоо хоногийн өмнө нас барсан ч гэрээслэлд багтаагүй Хакманы хүүхдүүд эцгийнхээ 80 сая долларын хөрөнгийг өвлөж авах боломжтой хэмээн хуульчид үзэж байна. Кристофер (65 настай), Элизабет (62), Лесли (58) нар энэ асуудлаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй, бүгдийг өмгөөлөгчдөө даатгасан бололтой. Хавайд япон эцэг эхээс мэндэлсэн Бетси Аракава нь нэртэй төгөлдөр хуурч, бизнесмэн байлаа. Тэрээр мөн өөрийн өв хөрөнгөө Хакманы нэр дээр шилжүүлж, тэд нэгнээсээ 90 хоногийн хугацаатай нас барвал Аракава эмнэлгийн төлбөрийг суутгасны дараа бүх хөрөнгийг нь буяны байгууллагад хандивлана хэмээн гэрээслэсэн байжээ.