АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф Москвад очиж Оросын удирдагч Владимир Путинтай уулзаж ярилцаад буцжээ. Тэрээр уулзалтаа нааштай, үр дүнтэй болсон хэмээн дүгнэв. “Миний өмнө бас нэг айлчлал болж оросуудтай ярилцсан. Одоо хоёр тал илүү ойртож, нааштай үр дүн гарч байна” хэмээн Виткофф CNN-д ярьжээ. В.Путин Америкийн тусгай элчийг гуравдугаар сарын 13-нд Кремльд хүлээн авч уулзсан аж. Виткофф Украины талаар нэмэлт мэдээлэл дамжуулж, Путин ч гал зогсоох нөхцөлийн талаарх нарийн ширийнийг Трампт дамжуулсан аж. Москва Украины хямралыг зохицуулах асуудал дээр бөөрөнхийлсөн, тодорхойгүй зүйл ярьж байна гэсэн Европын улстөрчдийн шүүмжлэлийг Виткофф няцаажээ. “Москвагийн байр суурь тодорхой байгаа. Хүмүүс баталгаатай мэдээлэл аваагүй байж ийм дүгнэлт хийж байгаа нь харамсалтай. Ийм хурдан ахиц дэвшлийг хэн ч хүлээж байсангүй. Өнөөдөр Ерөнхийлөгч Трамптай дахин уулзаж ялгаа, зөрчлөө улам багасгах талаар ярилцана” хэмээн тэрээр ярьсан юм. Түүний батлан хэлж буйгаар, Украины хямралыг зохицуулах асуудал дээр талуудын байр суурийн ялгаа багассаар байгаа аж. Трамп, Путин хоёр ирэх долоо хоногт утсаар холбогдож ярилцахаар болсон хэмээн мэдээлж байна.