Орос, Америкийн төрийн тэргүүн Владимир Путин, Дональд Трамп нар өнөөдөр, гуравдугаар сарын 18-нд утсаар холбогдоно. Энэ нь Трамп Ерөнхийлөгч болсноос хойшх хоёр дахь дуудлага болох юм. Утсаар холбогдож ярилцах гэж буйг Кремль баталсан ч ямар ямар асуудал хэлэлцэх гэж байгааг тайлбарласангүй. Украины хямралыг зохицуулах асуудал гол сэдэв байх нь гарцаагүй. Москвагийн лидертэй утсаар ярьсны дараа ОХУ Украинд 30 хоногийн хугацаатай гал зогсоох гэрээнд гарын үсэг зурна гэдэгт Цагаан ордны эзэн итгэлтэй байна. Крымийг Орост нэгтгэсний 11 жилийн ойн өдөр хоёр лидер утсаар холбогдох гэж байна. Трампын засаг захиргаа Украин дахь хямралыг зохицуулах хэлэлцээнд бэлтгэж байх явцдаа Крымийг Оросын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжийг судалж байгаа хэмээн мэдээлж байна. Эх сурвалж мэдээлж буйгаар, АНУ НҮБ-д хандаж Крымийг Оросын газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрүүлэх хүсэлт гаргах бололтой.
Гэвч АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч Брайан Хьюз “Трампын засаг захиргаа ийм үүрэг хүлээгээгүй, хэвлэлээр тарсан энэ мэдээнд тайлбар өгөхгүй” хэмээн мэдэгдэв. Утсаар ярилцах гэж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч анх мэдэгдээд, Оросын лидертэй газар нутаг, цөмийн цахилгаан станцын асуудлаар ярилцах бодолтой байгаа гэдгээ хэлсэн юм. “Одоо өрнөж байгаа хэлэлцээ дипломат үйл явцын эмзэг үеийн өнгөн дээр болж байгаа тул тун чухал. Байлдаж байгаа талууд аль аль нь их хохирол амссан. Цус асгарахыг зогсоохыг бүгд хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн Трамп ярьжээ. “Путинтэй утсаар яриад тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна уу” хэмээн сэтгүүлч асуухад “Бид утсаар ярилцсан, гэвч дараа нь нөхцөл байдал жаахан ээдрээтэй болсон. Гэвч сүүлийн өдрүүдэд байр суурь нэлээн ойртсон гэж бодож байгаа. Бид Орос, Украины нөхцөл байдлыг зохицуулахыг хүсэж байна. Фронтын шугам дээр өдөр бүр олон зуун хүн үрэгдэж байна. Тиймээс гал зогсоох тохиролцоонд хүрэх нь эхний зорилт. Курскт бүслэгдсэн украин цэргүүдийн талаар хэлэлцээ хийж байгаа. Бид хөндлөнгөөс оролцсоноор тэднийг устгахаас сэргийлж чадна. Маш хүнд нөхцөлд ороод байгаа тэдгээр цэргийг аврах талаар Ерөнхийлөгч Путинтэй ярилцана. Тэд Оросын цэрэгт бүслэгдсэн байгаа. Би байгаагүй бол тэд аль хэдийнэ байхгүй болчихсон байгаа” хэмээн хариулав. Оросын тал 30 хоногийн гал зогсоох гэрээг хүлээн зөвшөөрнө гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энхийн тохиролцооны олон заалтыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн, шийдэгдээгүй зарим асуудал үлдсэн хэмээн Трамп хэллээ. Путиний Вашингтонд хийж болзошгүй айлчлалыг хэлэлцэхээс өмнө энхийн тохиролцооны бүх заалтыг зөвшилцөж батлах шаардлагатай хэмээн тэрээр Truth Social сүлжээн дээр бичсэн байна.