Өнгөрсөн оны долоодугаар сарын 24-ний өдөр шинэ байгуулагдсан хамтарсан Засгийн газар хуралдаж, 16 яам, 22 сайдтай байхаар тогтсоноор яамдын дэд сайд нарыг чөлөөлсөн юм. Уг шийдвэрийн үндэс нь “Төрийн албыг цомхон болгох, төсөв хэмнэх” байв.
Гэтэл төд удалгүй дэд сайд нарын нэрийг өөрчлөөд эргүүлэн оруулж ирэх албан тушаалын наймаа хөшигний ард хийгдэж эхэлсэн талаар улс төрийн хүрээнд жиг жуг хийлцэх болсон нь өдгөө биеллээ олоход ойрхон байна.
Тодруулбал, Дэд сайд нарыг УИХ-ын гишүүдээс томилохоор зэхэж буй нь хамтарсан Засгийн газрын хавирганд халхавчлагдсан парламент буюу хяналтгүй төр өндийх болзол хангагдаж байна гэсэн үг. Угтаа Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага боловч давхар дээлтэй 22 сайд бий. Үүн дээр 16 яамны 30 гаруй дэд сайд парламентаас төрөн гарах аваас гишүүдийн тал орчим хувь нь Засгийн газрын халаасанд орж парламент өөрийн мөн чанар, чадавхаа алдах хүртэл эрсдэл бий.
Ерөнхий сайдын зүгээс энэ талаар “Эрх мэдэлгүй, төсөв захиран зарцуулж чаддаггүй бүтцийг танах ёстой гэж бодож байгаа. Уучлаарай, илэн далангүй л хэлье. Жишээлбэл, дэд сайдыг сайд нь ч юм хийлгэдэггүй, төрийн нарийн бичгийн дарга нь ч юм хийлгэдэггүй, дунд нь байж байдаг бүтэц. Байх ёстой, бэлтгэгдэх ёстой албан тушаал мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг үнэндээ юу ч хийж, шийдэж чаддаггүй албан тушаал. Тиймээс энэ албан тушаалыг яаж төсвийн эрх мэдэлтэй болгох вэ гэдгийг бодох л хэрэгтэй" гэж дурдаж байсан нь саяхан.
Гэвч ийнхүү том төслүүдээ хөдөлгөх хүрээнд гэх үү, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гэх үү, ийм нэгэн тохироог тэд ханцуйндаа наймалцаж буй. Нөгөө талаас мөн яамд дэд сайдгүй болсноор сайд нарын ажил үүргийн ачаалал хэтийдсэн, мөн хуулийнхаа хүрээнд дэд сайдын албан тушаал байх нь зүйтэй гэх байр суурь ч өндөлзөж буй.
Ямартай ч дэд сайдын албан тушаалд горилсон гишүүдийн цуваа буюу дараагийн ээлжнийхэн хоолондоо орохоор амь наана, там цаана үзэлцэж, хаалга үүд манасаар, басхүү хоорондоо жийлцсээр хаврын улс төр эхэллээ.