АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украин хоёр 30 хоногийн хугацаанд эрчим хүч, дэд бүтцийн байгууламжид цохилт өгөхөөс татгалзах санал дэвшүүлснийг ОХУ-ын удирдагч Владимир Путин зөвшөөрч зохих тушаалыг зэвсэгт хүчиндээ өгчээ. Хоёр улсын лидер гуравдугаар сарын 18-нд утсаар холбогдож ярилцсаны гол үр дүн нь энэ болж байна. Бүх талбарт, фронтын бүх шугам дээр гал зогсоохыг Оросын тал зөвшөөрөөгүй ч энх тайван тогтооход өчигдрийн телефон яриа үр дүнтэй боллоо хэмээн Трамп мэдэгджээ. Дайн байлдаан болж буй бүх шугам дээр гал зогсоосныг хянах, Украин дахь албадан дайчилгаа болон Украины арми дахин зэвсэглэхийг зогсоох ёстой гэсэн болзлыг оросууд тулгаж байгаа аж. Эрчим хүч, дэд бүтцийн талбарыг довтлохоо зогсоохоос гадна Хар тэнгис дээр гал зогсоох, цаашдаа бүрэн гал зогсоож эвлэрэлд хүрэх асуудлаар төлөөлөгчид уулзаж хэлэлцээ хийхээр болжээ. Трамп, Путин нарын яриа 90 минут үргэлжилсэн байна. Мөн хэлэлцээний үр дүнд Москва, Киев хоёр олзлогдогсдоо солилцохоор боллоо. 175-ыг 175-аар солилцохоос гадна ОХУ хүнд шархадсан 23 украин цэргийг сайн санааны илэрхийлэл болгон Киевт хүлээлгэж өгөхөөр тохирчээ.