“Оросууд манай бүс нутгийг 40 орчим дроноор довтоллоо. Агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажиллаж байна” хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский гуравдугаар сарын 19-ний шөнө Telegram хуудсандаа бичжээ. 30 хоногийн турш эрчим хүч, дэд бүтцийн салбарт цохилт өгөхгүй байх Дональд Трампын саналыг Оросын лидер Владимир Путин дэмжсэнээс хэдхэн цагийн дараа ийнхүү мэдэгдсэн байна.
Оросын “шахед”-уудын довтолгоонд гагцхүү иргэний дэд бүтэц өртсөнийг Зеленский мэдээлэв. “Нисгэгчгүй төхөөрөмжийн довтолгоонд Сума дахь эмнэлэг өртлөө. Донецк мужийн хотууд өртлөө. Киев, Житомир, Сума, Чернигов, Полтав, Харьков, Кировоград, Днепропетров, Черкас хотын тэнгэрт довтолгооны дроны чимээ сонсогдож байна. Энэ шөнө лав гал зогссонгүй” хэмээн Киевийн лидер бичжээ.
Украины Ерөнхийлөгч Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалаад цаашдаа Украинд тусламжаа үргэлжлүүлж, холбоотнуудын байр суурийг бэхжүүлж, улс орны аюулгүй байдлын баталгаан дээр идэвхтэй ажиллахыг хүсчээ. “Өнөөдөр Путин бүрэн гал зогсоох саналыг няцаалаа. Путиний дайн өдөөх ямар ч оролдлогод дэлхий нийт няцаалт өгөх нь хэрэгтэй байсан юм” хэмээн Зеленский нэмж хэлжээ.