Донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдал болон П.Батчулуун эмчийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
О.Сэргэлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Гавьяат эмч, доктор, профессор: 2011 оноос хойш 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 хүн нь л тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгуулсан. Ердөө 5 хувь нь гэсэн үг. Бусад нь амьд донороос элэг шилжүүлэн суулгуулсан.
Манай улс амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тоогоороо 2023, 2024 онд дэлхийд 1 сая хүн амд элэг шилжүүлэн суулгасан тоогоороо нэгдүгээрт орсон. ДЭБ-аас амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаа, эрүүл хүний эд эрхтэнг хөндөхгүй байх чиглэлийг өгдөг. Гэхдээ манай монголчуудын ёс заншил, сэтгэхүй, мэдээлэл зэрэг олон шалтгаантай холбоотойгоор амьгүй донор олдохгүй байгаа.
Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болж байгаа 270 гаруй хүний ар гэрт донор болох санал өгсөн байдаг. Үүнээс 31 ар гэр л донор болохыг зөвшөөрсөн.
Эрхтэн шилжүүлэн суулгах бүх баг тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалттай байдаг. Яг өнөөдрийн жагсаалтад нийт 430 хүн бичигдсэн байгаа. Энэ жагсаалт цусны бүлэг бүлгээрээ өөр байдаг. Яагаад гэвэл элэг шилжүүлэн суулгахдаа цусны бүлгийг нь хардаг.
Дээрх 430 гаруй хүний элэгний үйл ажиллагаа нь эцсийн шатандаа орчихсон. Амьгүй донороос донор гарахыг хүлээгээд, бид нараас амь гуйгаад, ар гэр хамаатан саднаараа тархины үхэлтэй донор олдохыг хүлээгээд өдөр хоногийг тэвчин ядан хүлээж байгаа.
Ийм хүнд хэцүү, дөнгөн данган хөгжих замдаа ороод явж байтал Батчулуун эмч болон эд эс эртхэн шилжүүлэн суулгах албатай холбоотой өнөөдрийн асуудал гарсан.
Энэ асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор олдохгүй болсон. Гэвч энэ 430 хүн горьдлого тээсээр байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд 30 гаруй хүн донор хүлээж байгаад хорвоогийн мөнх бусыг үзсэн. Ядаж донорын хуулиа уншчихаад энэ айхтар мэдээллээ гаргахгүй дээ гэсэн гомдол бидэнд төрдөг гэлээ.
Чулуунбаатар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн: Тархины үхэлтэй донор гэдэг бол тархины үйл ажиллагаа, тархины багана бүхий л үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон байдалд орсон хүнийг хэлдэг. Тархинд цус харвах, бэртэл гэмтлээс болж тархи бяцрах гэх мэт шалтгаанаар тархины үхэл үүсдэг. Тархи үхэжсэн гэдгийг илтгэх үндсэн хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Нэгдүгээрт тухайн хүн ухаангүй болох, унтуулах тайвшруулах, өвчин намдаах, булчин сулруулах эмийн бодис хийгээгүй нөхцөлд өвдөлтийн хүчтэй цочрол өгөхөд ямар ч хариу урвал үзүүлэхгүй байх. Гуравдугаарт тухайн хүний амьсгал нь зогсчихсон байдаг. Тиймээс эмч нар зохиомол амьсгалын аппаратад оруулдаг. Заасан шалгуур үзүүлэлтүүдээр 6 цагийн зайтай 2 удаа шалгаад тархины үхэл батлагдсан тохиолдолд эд эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулах албанд мэдээлдэг. Зохицуулан суулгах албаны хүмүүс ар гэрийнх нь хүмүүстэй уулзаж тайлбарлаж, ар гэрийнхэн нь эд эрхтэнг нь шилжүүлэн суулгах зөвшөөрөл өгсөн тохиолдолд эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэг эмнэлгүүдэд мэдээлэл өгдөг.
Тархины үхэлтэй донорын тархинаас бусад эртхэний цусны эргэлт хэвийн хадгалагдаж байдаг. Энэ үед нь л өвдөөгүй байгаа эрхтнүүдийг нь авдаг. Үүнийг ард түмэн минь зөв ойлгоосой гэж хүсэж байна.