Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар анх удаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр П.Батчулуун эмчийн биеийн байдлын талаар, ар гэрийнхнийх нь зөвшөөрөлтэйгөөр дараах мэдээллийг өгөөд байна.
О.Сэргэлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Гавьяат эмч, доктор, профессор: П.Батчулуун эмчийн хүүхдүүдээс нь биеийн байдлынх нь талаар мэдээлэл өгөх зөвшөөрөл авсан. Өнөөдөр П.Батчулуун эмчийн биеийн байдал маш муу байгаа. Эмч хүн ч гэсэн ялгаагүй л хүн. Зүрх нь цохилдог, сэтгэл нь хөдөлдөг. Харин П.Батчулуун эмчийн сэтгэл санаа маш хүнд байгаа.
Энэ асуудал гарахаас өмнө ч суурь өвчин ихтэй байсан. Зүрхний өвчний асуудлыг нь иргэд мэдэж байгаа байх.
2013 онд донорын хуулийн хэлэлцүүлэг хийх гээд хурал зарласан байх үед П.Батчулуун эмч гэнэт ухаан алдаж унасан.
Зүрх нь 16 минут бүрэн зогссон. Яг эмнэлэг дээр байсан тулдаа сэхээн амьдруулах эмчилгээ хийж зүрх нь эргэн ажиллаж байсан. Үүнээс хойш 5 удаа зүрхийг тэжээлээр тэтгэдэг, зүрхний гол титэм судсанд тэлэгч тавиулсан. Сая шүүхийн шийдвэр гарсны дараа зүрхний нэг судас нь бөглөрөөд нэмж тэлэгч тавиулсан. Мөн чихрийн шижингийн өвчтэй.
Өнөөдрийн байдлаар шинжилгээ хийгээд үзэхэд зүрхнийх нь үйл ажиллагааны 33 хувь нь л ажиллаж байгаа.
Зүрхний үйл ажиллагааг 100 хувь гэж үзэхэд П.Батчулуун эмчийн зүрхний 77 хувь нь ажиллахгүй байгаа. Зүрх нь хэзээ ч зогсож болзошгүй эрсдэлтэй болсон.
Иймд биетэй хүн удаан явган явж чадахгүй, удаан зогсож чадахгүй, биеийн байдал маш хүнд байгаа.
Би П.Батчулуун эмчтэй очиж уулзсан. Би яах гэж, юуны төлөө бие эрүүл мэндээ, амьдралаа зориулав. Эцэст нь ийм байдалд ороод сууж байна гээд уйлсан. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлэхийг хүсэж байна гэлээ.