Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг албажуулан баталлаа. Нийслэл Улаанбаатар хотод 200 орчим мянган айл өрх өнөөдрийн байдлаар хатуу түлш түлж байгаа. Үүнээс гадна 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух өнөөдрийн агаарын бохирдлыг үүсгэж байна.
Мөн авто тээврийн улсын бүртгэлийн төвд бүртгэлтэй 804 мянган машинаас өдөрт 500-600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. ТЭЦ-2, 3, 4, Амгалан дулааны станц зэрэг эх үүсвэрүүд агаарын бохирдлыг үүсгэж байгаа талаар Жайко олон улсын байгууллага гаргасан.
Агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг бол 56-аас доошгүй хувийг эзэлж байгаа 200 мянга гаруй айл өрхүүдийн хатуу түлшний хэрэглээ юм.
Тийм учраас өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас 2025-2026 онд шилжих өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр 32-50 мянга орчим айл өрхийг хийн шилжилтэд шилжүүлэх тогтоол баталлаа.
Ингэхийн тулд айл өрхүүдийн дулаалгыг стандартад нийцүүлэх, дулаан алдагдлыг бууруулах, айл өрхүүд хатуу түлшний хэрэглээнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд нийслэлээс айл өрхүүдэд хийн түлшний зуухыг байрлуулна. Мөн түүнтэй холбоотой аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгнө.
Хийн түлшний хэрэглээнд шилжсэн өрхүүдэд халаалтын улирал буюу 9-р сарын 15-аас 5-р сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгохыг өнөөдрийн тогтоолоор албажууллаа.Гэхдээ дулаан алдагдлыг бууруулсан, стандартыг хангасан тохиолдол л хийн зуух руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа.
Шууд дамжуулалт: