Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.03.19 17:50
1478
Халаалтаа хийгээр шийдсэн орнууд юу хожиж, юу алдав

Засгийн газрын энэ өдөр /2025.03.19/-ийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд хатуу түлшнээс сайн дураараа татгалзаж, стандартад нийцсэн дулаалга хийсэн айл өрхүүдэд нийслэлээс хийн түлшний зуух байрлуулж, аюулгүй ажиллагааны заавар өгөх бөгөөд халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-ний өдрөөс тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн байна.

Тэгвэл халаалтаа хийн түлшээр шийдэж, агаарын бохирдлоо бууруулж, бүр арилгаж чадсан бусад улс орнуудын туршлагыг судалж үзлээ.

Их Британи улс 1970-аад оноос Хойд тэнгисийн байгалийн  хийг олборлож эхэлсэн бөгөөд энэ үеэс нүүрснээс хийн халаалт руу шилжиж эхэлсэн байдаг. Британийн Засгийн газар газрын тос болон байгалийн хийн олборлолтыг эрчимжүүлэх зорилгоор 2022 онд Хойд тэнгисийн 898 байршилд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Олборлолтыг аль болох богино хугацаанд нэмэгдүүлэхийн тулд тэргүүлэх кластер бүсийг ч тодорхойлжээ.

Герман улсын тухайд нүүрс, газрын тосны халаалтаас байгалийн хий рүү шилжих процесс одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ энэ үйл явцаа сэргээгдэх эрчим хүч рүү шилжих хүртэлх түр зуурын дамжлага гэж үзэж буй аж.

АНУ-д халаалтаа байгалийн хийгээр шийдэх  айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ нь тус улсад хийн олборлолт өссөнтэй холбоотой.

Солонгос, Хятад зэрэг улсууд ч мөн ялгаагүй, вилла болон апартмент хорооллууд цахилгаанаа хийгээр шийдэх нь түгээмэл байдаг.

Байгалийн хийг халаалт болон эрчим хүчинд нэвтрүүлсэн улс орнууд гарсан өөрчлөлт, үр дагаврыг хэрхэн үнэлж дүгнэснийг сонирхъё.

Эерэг үр дагавар

Байгалийн хий нь нүүрс болон газрын тостой харьцуулахад харьцангуй бага хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Дээрх орнууд нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг, үйлдвэрлэгч улсууд бөгөөд  бөгөөд байгалийн хийг хэрэглээнд нэвтрүүлснээр хүлэмжийн хий эрс багассан байна.

Мөн агаарын чанар сайжирчээ. Хийн халаалт нь хүхрийн давхар исэл, тоосонцор зэрэг бохирдуулагчийг бага ялгаруулдаг тул агаарын чанарт эерэг нөлөө үзүүлсэн байна.

Хийн халаалт нь газрын тос болон эрчим хүчнээс хямд өртөгтэй тул өрхийн халаалт болон цахилгааны зардлыг бууруулсан. Тиймээс эдийн засгийн хувьд илүү үр ашигтай гэж үзсэн байна. Мөн айл өрхүүд өөрийн эзэмшлийн газар, хашаандаа хий олборлохыг зөвшөөрдөг аж. Энэ нь өрхийн эрчим хүчний хараат бус байдлыг хангахаас гадна тухайн дүүрэг, хотын эрчим хүчний хангамжид ч эерэгээр нөлөөлдөг байна.

Сөрөг үр дагавар

Байгалийн хийн нөөц багатай улс орнуудын тухайд импортоос шууд хамааралтай болдог. Энэ нь тухайн улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдахгүйн дээр улс төрийн хувьд  ч эрсдэл дагуулах магадлалтай.

Мөн хийн халаалтад шилжихийн тулд хий дамжуулах хоолой, халаалтын систем зэрэг дэд бүтэц шинээр байгуулах тул эхлэлтийн зардал өндөр.

Хэдийгээр хүлэмжийн хий харьцангуй бага ялгаруулдаг ч олборлох аргаасаа хамаарч, хот суурин газарт орчны бохирдол үүсгэх тохиолдлууд байдаг. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Түүнчлэн ус бохирдуулах, газар хөдлөлт үүсгэх эрсдэлтэй аж.

Анхаарахгүй орхиж боломгүй бас нэг эрсдэл бол тэсэрч дэлбэрэх явдал. Тоног төхөөрөмжийг суурилуулахдаа алдаа гаргах, засвар үйлчилгээ дутуу хийсэн, ашиглалтын горимыг мөрдөхгүй байх зэргээс үүдэж тэсэрч дэлбэрэх эрсдэл байдаг. Европын орнууд зэрэг өндөр хөгжилтэй улсуудад тэсэрч дэлбэрсэн тохиолдол маш цөөн байдаг бол Энэтхэг, Пакистан, Африк зэрэг хөгжиж буй, буурай орнуудад нэлээд гарсан байдаг.

Монгол Улс агаарын бохирдлоо бууруулахын тулд эхний ээлжинд хатуу түлшийг хэрэглээнээс халж, хийн түлш рүү шилжих анхны алхмаа хийлээ. Одоо хэнэггүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаасаа ангижирч, хийг ашиглахдаа зааврын дагуу, хэрэглээний горимыг чандлан мөрдөж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээд явбал ямартай ч агаарын бохирдлоо тодорхой хэмжээгээр бууруулах нөхцөл бүрдэх нь ээ.