Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2025.03.20 10:30
1326
Л.Төмөрчөдөр: Бизнес эрхлэгчдийнхээ гүүр болохыг зорьж байна

Төв аймаг 2025 оныг бизнесийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрээр “ Тариалангийн бүс нутагт бизнес эрхлэгчдээ хамгаалах маш чухал. Энэ хүрээнд төр бизнесийн салбар луу ордог байдлыг халж бизнес эрхлэгчдээ дэмжье гэх уриалгыг гаргаж байгаа.

Жишээ нь ченжүүд төмсийг 400 төгрөгөөр тариаланчдаас аваад 2000 төгрөгөөр зарж байна. Дундын скалад, зоориудыг бариад өгчихвөл энэ асуудал шийдэгдэх боломжтой.

Мөн сайн сортын төмс, хүнсний ногоог ургуулахыг зорьж байна. Бид нар яагаад KFC-гийн төмсийг нийлүүлж болохгүй гэж.  Дотооддоо сайн сортын төмс тарьж, чанартай улаан буудайг гаргаж авах боломж бий. Сая ОХУ-руу нэлээд хэдэн ААН яваад улаанбуудай, төмс, хүнсний ногоог хөнгөлөлттэй нөхцлөөр авахаар гэрээгээ хийгээд ирсэн.

Тиймээс энэ жил аймгийн төсөвт нэг тэрбум төгрөгийг тавьсан.

Дөрөвдүгээр сарын 10-нд болох олон улсын үзэсгэлэнд олон дарга нарыг биш бизнес эрхлэгчдээ дагуулж явна. Сүү цагаан идээ боловсруулах үйлдвэртэй танилцаж, сав баглаа боодол нь ямар байдаг юм гэх мэт туршлага судална. Мөн үзэсгэлэн дээр байгаа тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ хийж авах боломжтой. Төр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа руу оролцохоосоо илүү бодлогоор яаж дэмжих вэ гэдэг дээр анхаарч байна. 

Төв аймагт энэ жил жижиг дунд бизнес эрхлэгчдэд  найман тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Гол нь энэ мөнгийг яг хийж, хөдөлмөрлөж байгаа зорилтот бүлэгт нь хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарч байна. Өмнө нь шинэ хоршоо хөдөлгөөн, сум хөгжүүлэх зээл, аймаг хөгжүүлэх зээл гээд олон ажил хэрэгжсэн. Гэхдээ бизнес эрхлэгчид нь хамрагдаж чадаагүй, нүдээ олоогүй зээл олголтыг олон хийсэн байсан.

Саяхан шалгалт хийхэд 10 гаран жил сум хөгжүүлэх зээлээ төлөөгүй хүмүүс ч гарч ирсэн. Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ зээлийг яаралтай төлөх ажлыг зохион байгуулна.  Сум хөгжүүлэх зээлийг яагаад авах ёстой бизнес эрхлэгчид авахгүй энэ боломжийг өөр хүмүүс эдлээд байна вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.  

Би Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргаар ажиллаж байхдаа 10 гаруй жил төлөөгүй 100 гаруй сая төгрөгийн зээлийг бүгдийг нь буцаан төлүүлж хэрэгтэй хүмүүст нь олгосон. Яг үүнтэй адил Төв аймгийн хэмжээнд энэ ажлыг зохион байгуулна. Энэ мөнгөө бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст нь өгнө” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: