Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2025.03.20 10:54
1049
"Нэгдүгээр ангийн сурагчдын 95 хувь нь шүдний өвчлөлтэй, 300 гаруй хүүхэд зүрхний өвчлөлтэй гарсан"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Эрүүл шүд-Эрүүл ирээдүй" сэдэвт Үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд болж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 1999 оноос хойш амны хөндийн төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлсэн боловч тэр үеэс хойш өвчлөл буураагүй нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд бид бодлогын хувьд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Ингээд бид нэгдүгээр ангийн зургаан настнуудаасаа эхлээд нүд, шүд, зүрхний өвчлөлийн үзлэгийг хийж эхэлсэн. Үүнд амны хөндийн үзлэг 90 орчим хувьтай явж байгаа бөгөөд 95 хувь нь өвчлөлттэй гарж, 20 хувь нь эмчилгээнд хамрагдаад байна.

Үлдсэн бүх хүүхдүүдийн өвчлөлийг энэ улиралдаа багтаагаад эмчилж дуусах төлөвлөгөөтэй байна. Бид зөвхөн эмчлээд зогсохгүй хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг боловсролыг олгож, хяналтандаа авч байна. 2-р ангид орох үед нь дахин хоёр удаа үзлэг хийж, өвчилсөн тохиолдолд асран хамгаалагчидтай хэрхэн ажиллах вэ гэдэг бодлогоо тодорхой болгоод явж байна. Гэх мэтээр ЕБС-д дөрвөн удаа дөрвөн өөр үзлэгийг хийж явахаар төлөвлөж байгаа юм. 

Зүрхний үзлэгт гэхэд 30 мянга гаруй хүүхэд хамрагдсан байна. 300 орчим хүүхэд нь цаашдаа зүрхний нээлттэй болон судсан доторх мэс засалд орохгүй бол амь нас нь эрсдэлд орсон нь үзлэг шинжилгээгээр тогтоогдсон бол 30 орчим хүүхэд нь мэс засалдаа орсон байна.

Энэ тоог харахаар урьдчилсан сэргийлэх үзлэгийг системтэй, зөв хийгээд явах юм бол бага зардлаар олон өвчлөлийг илрүүлж, том үр дүн гарах нь тодорхой байгаа юм.