Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас П.Батчулуун эмчтэй холбоотой асуудлаар тодрууллаа.
- Та салбарын сайдын хувьд П.Батчулуун эмчтэй холбоотой асуудлаар одоог хүртэл байр сууриа илэрхийлээгүй байна. Өчигдөр нэгдүгээр эмнэлгийн эмч нар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Элгэн дээр гэхэд донороо хүлээж, амь гуйж суугаа 430 гаруй хүн байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 30 гаруй хүн доноргүй улмаас амиа алджээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?
- Би шүүхийн шийдвэр гарснаас хойш байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнө П.Батчулуун эмчтэй хоёр удаа уулзаж, Эрүүл мэндийн сайдын хувьд надаас ямар туслалцаа хүсэх талаар нь асууж, тодруулсан.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн асуудал гарсан. Үүнд өмгөөлөгчийнх нь зүгээс Дээд шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн байна лээ. Ингээд шүүхийн процесс явж байгаа тул үнэлэлт, дүгнэлт өгөх эрх байхгүй. Иймд бид эмч, эмнэлгийн ажилчдынхаа эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн байна гэдэг нь харагдаж байгаа юм.
Мөн ард түмэнд мэдэгдэж байгаа нь л П.Батчулуун эмч болохоос цаана нь мэдэгдэхгүйгээр ял авсан маш их эмч байна. 2023-2024 онд л гэхэд 20 эмч ял авсан.
Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажилласан эмч, эмнэлгийн ажилчдадаа ял оноодог цөөхөн улсын нэг нь манайх байна. Тиймээс энэ салбарынхныхаа эрх зүйн байдлын тухай хууль тал дээр анхаарч, ЗГ-т танилцуулахаар болоод байгаа. Энэ жилдээ багтаад УИХ-д өргөн барина.
П.Батчулуун эмчийн тухайд цаашдаа эргээд ажил хөдөлмөрөө эрхлэх ямар боломж бололцоо байна гэдгийг судалж ажиллана. Энэ хүн ял шийтгүүлснээр ард олны эрүүл мэнд, амь насаа хамгаалах зүйл дээр маш том хохирол учирч байгаа юм. Яагаад гэвэл донорын тухай хууль бол нарийн төвөгтэй асуудал бөгөөд П.Батчулуун эмчийг гүйцэх дадлага туршлагатай эмч байхгүй.
Гэсэн хэдий ч бид шүүхийн процесст нөлөөлж болохгүй учраас хүлээцтэйгээр анхаарал хандуулж байгаа.