Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.03.20 16:26
2913
МСБХ эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах баг, тамирчдынхаа амжилтаас хойш татах уу?

BCL Asia буюу Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн Дорнод бүсийн урьдчилсан шатанд өнгөрсөн жилийн Дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон Дэд аварга Бишрэлт Металл багууд дахин өрсөлдөх гэж байна. Тус шалгаруулалтын A, B хэсэгт нийт 8 баг өрсөлдөнө.

 

Бишрэлт Металл багийн тухайд гуравдугаар сарын 25-нд Малайзын Куала Лумпур хотноо тус улсын NS MATRIX Deers багтай, 4-р сарын 5-нд Индонезиийн Жакарта хотноо тус улсын Pelita Jaya Basketball багай, 4-р сарын 30-нд Хятадын Тайванийн Шинэ Тайпэй хотноо тус улсын Taoyuan Pauian Pilots багтай тус тус тоглоно.

Гэтэл Үндэсний дээд лигийн хагас шигшээ шатны тоглолтууд гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж буй нь сагсан бөмбөг сонирхогчдын дунд маргаан дагуулаад байна.

Тодруулбал, Бишрэлт Металл багийн хагас шигшээ шатны тоглолт 28-ны өдрөөс эхлэх хуваарьтай байгаа бөгөөд тус баг 22-ны өдөр Малайзыг зорьж, 25-ны өдөр NS MATRIX Deers багтай тоглох юм. Ингээд 27-ны өдөр эх орондоо буцаж ирмэгцээ Монгол дахь тоглолтдоо оролцож байна.

Мөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Индонез улсад тоглолтод оролцоод ирснийхээ маргааш 8-ны өдөр дахин тоглолттой таарч байна. Тодруулахад, тухайн нислэг дамжин нислэгүүд байх аж.

Ингэснээр “Бишрэлт металл” багийн хувьд  тамирчдын ядралт их, өрсөлдөгч багийнхаа тоглолтыг судлах, бэлдэх, амрах цаггүйгээр Азийн аваргуудын лиг болон Үндэсний дээд лигийн тоглолтуудад оролцоно гэсэн үг. Мөн хэт их ачааллын улмаас бэртэл гэмтэл гарах вий ч гэсэн болгоомжлол байгаа юм.

Энэ талаар сагсан бөмбөг сонирхогчид  BCL  Asia буюу Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын тоглолтод тамирчдаа амжилттай оролцуулахын тулд Сагсан бөмбөгийн холбоо хагас шигшээ шатны тоглолтуудын хуваарьт өөрчлөлт оруулах, хойшлуулах санал дэвшүүлцгээж эхэлжээ.

Иймд Сагсан бөмбөгийн холбоо эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах баг тамирчдынхаа амжилтаас хойш татаж болзошгүй уг хуваарьтаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байгааг сануулж байна. 

Харин Хасын хүлгүүд багийн гадаад дахь тоглолтууд 4 сарын 28-наас буюу Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолт дууссаны дараа эхэлж байгаа юм.