Монголчууд дөрвөн улирлын ард түмэн. Хүссэн хүсээгүй бид улирлаа дагасан ааш аягтай. Өвөл өнтэй жил бол хот хөдөөгүй налайна. Энэ улирал монгол хүний хувьд жинхэнэ төвлөрдөг улирал. Өвлийн идэш уушаа хийчихсэн, гэр орноо дулаалчихсан, элдэв зүйлд сатааралгүй, өмнөх ажилдаа, уран бүтээлдээ төвлөрч ажлаа ахиулж суудаг. Хавар харин хачин болцгоодог нь мөн л улирлынх. Гадаа хуурайшаад, шороо тоос босоод, өдөр уртсаад, сэтгэл тавгүйрхээд л...“Хаврын хүмүүс” гэсэн нэр томьёо гарсан нь эндээс эхтэй. Шар хадны өвчтөний тоо эрс ихэснэ, талбайн жагсаал цуглаан олширч, элдэв зүйлийг ярих хүмүүсийн тоо олон болдог нь үнэн.
Монголын ард түмний стресс, ядаргаанаасаа салдаг ганц улирал нь зун. Энэ улиралд монгол нутаг, монгол хүмүүсийн нуруу тэнийж ёстой л зүлэг ногоон талдаа зүгээр л гэрээ бариад амьдарна даа. Өнөөдөр зуны дунд цагаан морь сарын найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Зун цаг дундаа орсныг илтгэнэ. Монгол оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар. Улирлын эхэн үеэр өнжөөд л бороо орж, зарим үед цасан бүрхүүлээр хучигдсан содон дүр төрхийг илэрхийлсэн зун байлаа. Өглөө гэрээсээ эртхлэн гарахад өглөөний жавар арилаагүй сэрүү татдаг нь шөнөдөө хур бороо орж буйтай холбоотой юм. Ер нь энэ зун хаврын дулаан өдрүүдийг санагдуулна. Бороо хур элбэг байгаад хотын иргэдийн хувьд тиймхэн байгаа ч сэтгэл нь хөнгөрч, сайхан бодлууд толгойд эргэлдэж, хотын унаган хүүхдэд ч хөдөө нутаг бодогдоно. Хөдөө ч дэлгэр сайхан зун цаг болж буйг ойр дотны хамаатан садан маань чих дэлдийлгэм чимэгтэй үгийг утсаар хэлнэ.
Энэ зун 118 сумын 90 жилийн ой тохиож буй. Иймд налгар энэ сайхан цагийг ашиглан төрсөн нутагтаа очих иргэдийн машины мөр наадмын өмнөөс тодорч эхэлсэн юм.
Хотод ч хөдөө орон нутагтч хур бороо элбэг байгаа тул ихэнх голууд үерлэж, олон жилийн дунджаасаа 30-40 см-ээр нэмэгдсэн талаар Ус судлалын сектороос мэдээлж буй. Гэсэн ч хур бороо шөнөдөө орж, өдөртөө нар гийж монгол түмэн сайхан зусаж байна. Нар хур нь тэгширсэн налгар зун урт үргэлжлээсэй.