Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Ж.Оюунцэцэгээс өсвөр үеийнхний жирэмслэлтийн талаар тодрууллаа.
-Сүүлийн үед сэтгэл зовоосон асуудлын нэг өсвөр үеийнхний жирэмслэлт боллоо?
-Бид судалгаа хийж улсын хэмжээнд дүнг нэгтгэх гэж байна. 18 нас хүртэлх насны охидын жирэмслэлтийг өсвөр үеийнхний жирэмслэлт гэж нэрлээд байгаа. ЕБС-д нөхөн үржихүйн боловсролыг сайн өгөхгүй бол охидын жирэмслэлт сүүлийн үед их болж байгаа нь санаа зовоох асуудлын нэг яах аргагүй мөн.
Манайд 13 настай охин хагалгаагаар төрж, 10-тай хүүхэд жирэмслэлтээ таслуулж байсан.
Тэр болгонд л өсвөр насныхан өөрсдөө нөхөн үржихүйн мэдлэгтэй байх хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр ээж аавын анхаарал халамж тун чухал байна. Эцэг эхчүүд шилжилтийн насанд байгаа хүүхэддээ илүү анхаарах шаардлагатай байна. Ямар сайндаа ээж нь жирэмсэн 10 настай охин нь жирэмсэн нэг тасагт хэвтэх тохиолдол гарах вэ дээ.
-Өсвөр үеийнхэн бэлгийн хүчирхийллийн хохирогч болж жирэмслээд байна уу?
-Хүчирхийлэл байхгүй, өөрсдөө сайн дурын үндсэнд найзтайгаа бэлгийн харилцаанд орох тохиолдол дийлэнхдээ тохиолдож байна. Охидын жирэмслэлтийн 20-оос илүүгүй хувь нь хүчирхийллийн үр дүнд, үлдсэн 80 хувь нь өөрсдийн сайн дурын үндсэнд бэлгийн харьцаанд орж байна.
-Бэлгийн харилцаанд орох нас улам залуужиж байна гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Нийгмийн байдал, түгжрэл, эцэг эхийн хараа хяналтаас энэ нь их шалтгаалж байна. Ээж аав нь өглөө гараад л орой тардаг, гэртээ байхгүй үед нь хүүхдүүд юу хийж байгаад эцэг эх анхаарах завгүй байна. Хичээл тарсан л бол сургууль хүүхдүүдэд анхаарал тавихгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийн ухамсар, төлөвшил, боловсролд нь итгэхээс өөр зам байхгүй болж байна.
Үүнд улсаас анхаарах цаг болжээ. Өсвөр насныхныгаа зөв авч явж байж эрүүл, зөв иргэн энэ улсад төлөвшинө. Яагаачгүй л арван наснаасаа бэлгийн харилцаанд орж, үр хөндүүлээд, байн байн бэлгийн замын халдвар аваад явбал цаашдаа эрүүл үр удам төрүүлнэ гэдэг хэцүү л болно.
-Яармагийн 300 орт гэж нэрлэж заншсан Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв харьяалал харгалзахгүйгээр ээжүүдийг хүлээн авч, төрүүлж байна уу?
-Манай эмнэлэг 2020 онд ковидын үед анх тусгаарлах байраар үйл ажиллагаа эхлээд, 2021 онд ковид ид дэгдэх үеэр өвчтэй хүмүүс хүлээн авч эхэлсэн. Улмаар ковидтой жирэмсэн болон төрөх ээжүүдэд тусламж үйлчилгээ хэрэгтэй байснаас 500 ортой тасаг нээсэн. Бид харьяалал харгалзахгүй үздэг.
-Төрөхөөр ирж байгаа ээжүүдэд ямар сул тал асуудал байна вэ?
-Сүүлийн үед залуучууд гэр бүл төлөвлөлт сайтай болсон. Хүссэн үедээ, хүссэн хүүхдээ төрүүлж байгаагаас харахад гэр бүл төлөвлөлт нэг бодлын сайжирсэн. Гэвч нөгөө талд өөртөө хайхардаггүй, өөрийхөө төлөө санаа зовдоггүй, хаяг нь тодорхой бус, үзүүлдэггүй жирэмслэлтдээ санаа зовдоггүй бүлэг хүмүүс бас байна. Тэглээ гээд тэр хүмүүс манай дээр ирэхэд бид цааш нь түлхэх эрхгүй, харьяа харгалзахгүй ээжүүдээ хүлээн авч, төрүүлж байгаа.