
УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас мэдээлэл хийлээ.

Багийн ахлагч М.Эрдэнэсайхан: Монгол улсад 2024 оны байдлаар 262 бөөр орлуулах эмчилгээний аппарат ажиллаж байгаа. Үүнд 2988 өвчтөн гимодиализын эмчилгээ хийлгэсэн бөгөөд 124594 удаагийн сианс хийсэн. Бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд бөөр орлуулах эмчилгээнд 21 тэрбум 804 сая төгрөг зарцуулсан. Диализ эмчилгээнд хамрагдаж байгаа өвчтөнүүдийг насны ангиллаар авч үзвэл 0-19 насны 49, 20-44 насны 832, 45-64 насны 1481, 65-74 насны 457, 74-өөс дээш насны 169 хүн гимодиализ эмчилгээ хийлгэж, аппаратаас хамааралтай амьдарч байна. харамсалтай нь 2024 оны байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд ороод диализ эмчилгээнд шинээр нэмэгдсэн 607 хүн байна. Мөн онд эмчилгээ хийлгэж байсан 167 хүн нас барсан. 50 хүн мэс засалд орж, эмчилгээнээс гарсан байна.
Зөвлөх эмч Д.Нямсүрэн: Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах 400 дахь хагалгаагаа хийж байна гэдэг бол эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа Монголын хөрсөнд бүрэн дүүрэн суусан байна гэсэн үг. Энэ үйл ажиллагааг явуулахад П.Батчулуун эмч онцгой үүрэг гүйцэтгэсэн, мэргэшсэн ганц эмч юм. Түүний гавьяаг үнэлж баршгүй, хүний төлөө явсан тэрээр ял авч байна гэдэг бол маш харамсалтай байгаа. Цагаадна гэдэгт бүрэн итгэж байна.
Гавьяат эмч Л.Жамбалжав: 2008 онд хамгийн анх амьгүй донороос эрхтэн шилжүүлэх суулгах хагалгааг хийж, хоёр хүний амийг аварч байлаа. Уг баг байгуулагдсанаар дэлхийн анагаах ухааны салбарт салхийг нь хагалж үүссэн юм. Донор хайх, олох асуудалд эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа баг холбогдох ёсгүй. Иймд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах алба гэж байгуулагдсан. Энэ салбарт П.Батчулуун эмч хар залуугаасаа зүтгэж ажилласан. Монгол Улсад анх дурангийн хагалгааг хийхэд тусламж үзүүлэхээр ирсэн Америкийн эмч П.Батчулуун эмч бол маш гарын дүйтэй, судасны маш сайн мэс засалч шүү, түүнийг хайрлаарай гэж захиж байлаа.
