Хуул зүйн доктор, Дотоод хэргийн их сургуулийн профессор Б.Пүрэвтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Прокурорын зөвшөөрөлгүй хэргийн газрын үзлэг хийх, эд мөрийн баримт хураах үйл ажиллагааг ямар тохиолдолд хийж болдог вэ. Мөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж болдог уу
-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөх, шалгах ажиллагааг бараг бүгдийг нь прокурорын зөвшөөрлөөр хийнэ гэж заадаг. Гэхдээ хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг. Хойшлуулшгүй ажиллагааны үед прокурорын зөвшөөрөлгүй байж болно. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.26-д юуг хойшлуулшгүй ажиллагаа вэ гэдгийг дурдсан байгаа.
Жишээлбэл, Согтуу хүн эхнэрээ зодоод байна гэх дуудлага ирлээ гэхэд цагдаа очиж таслан зогсооё гэж зөвшөөрөл авах шаардлагагүй. Дуудлагад шуурхай л явна.
Очсон хойноо хутга гэх зэргийг хурааж, ажиллана. Энэ бол хойшлуулшгүй ажиллагаа. Хойшлуулшгүй ажиллагаанд нэг сүрхий юм байдаг.
Эд мөрийн баримтыг устгах, зөөвөрлөх, нуун далдлахаас сэргийлэх шаардлагатай бол хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг. Энэ тохиолдлоор хойшлуулшгүй ажиллагаа явуулах нь их байдаг.
Харин хойшлуулшгүй нөхцөлд прокурорын зөвшөөрөлгүй хийгээд 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ гэх заалттай. Тийм учраас хойшлуулшгүй ажиллагаа мөн гэж үзвэл прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа хийж болно.
-Сэжигтэн, гэмт хэрэгтнээр тогтоогдоогүй үед мэдүүлэг авна гэж дуудаж авчраад гар утасных нь кодыг тухайн иргэн хүсээгүй байхад нь авч, үзлэг хийж болдог уу. Үүнийг хүний хувийн нууцад халдаж байна гэж зарим иргэд үзэж байна. Энэ хүний эрхэд халдсан хэрэг мөн үү биш үү
Тухайн хэргийг болсон цаг хугацаатай нь уялдуулж шалгаж байж хэлэхээс биш энд сууж байгаад хэлэх арга байхгүй. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа гэдэг бол байгууллагын, улсын, хүний нууц руу ордог ажил. Орох шаардлагатай үед орохоос өөр аргагүй.
Гагцхүү албан үүргээ гүйцэтгэх үедээ олж авсан мэдээлэл, хүний болон албан байгууллагын нууц, төрийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй. Энэ үүргээ цагдаагийн алба хаагч биелүүлэх ёстой.
Нууц руу орох шаардлага үргэлж гардаг. Нууц руу орохыг зөвшөөрсөн, хадгалж байх үүргийг хүлээлгэсэн байдаг.
-Ноорог сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, зарим зүйлийг нь хураан авсан байсан. Та Ноорог сайт дээр явагдсан гүйцэтгэх ажиллагааг юу гэж харж байна вэ
-Үзлэг хийх. Үзлэг хийсний дараа тодорхой эд зүйлийг нь хурааж авах ажиллагааг хэрэг бүртгэх, эрүүгийн хэрэг бүртгэх, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа бүрд хийдэг. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг нотолсон байхыг шаарддаг. Нотлохын тулд нотлох баримтыг цуглуулдаг. Нотлох баримтыг цуглуулах үндсэн арга нь үзлэг хийх, хурааж авах. Тийм учраас үзлэг хийх ч ёстой, хурааж авах ч ёстой. Гэхдээ үзлэгээ хуульд заасны дагуу зөв хийх ёстой. Хурааж авах ажиллагаагаа хуульд заасны дагуу зөв хийх ёстой.
Тэгэхээр хуульд заасны дагуу зөв, буруу хийсэн гэж хэлэх мэдээлэл надад байхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг өдөр явуулж байхыг хичээх ёстой. Гэвч цагдаагийн байгууллага хоёр нарны хооронд ажиллана гэж байхгүй. Цагдаагийн байгууллага өдөр болгон шөнө ажиллаж байх шаардлага гардаг. Би шөнийн эргүүл хийдэг, зам дээр зогсдог гэдгийг хэлээгүй. Хэрэг бүртгэх, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны зарим хэсгийг шөнө явуулахаас өөр аргагүй.
Жишээлбэл, 6 цагт эхэлсэн ажил шөнө 12 цагт дуусна. Үүнийг нь шөнө ажиллагаа явуулсан л гэж хэлнэ. Шөнө мөрийтэй тоглоод үүнийг таслан зогсоох шаардлагатай бол шөнө л очиж таарна.
Шөнө эд мөрийн баримтыг зөөвөрлөх, нуун далдлах, устгах магадлалтай байвал түүнийг нь зөөвөрлүүлэхгүй, нуун далдлуулахгүй гэж шөнө л очих хэрэгтэй болно. Тийм учраас зайлшгүй шаардлагатай үед цагдаагийн байгууллагаас шөнө очихоос өөр аргагүй. Үүнийг нь хуулиар хориглоогүй.
-Эрүүгийн хуулийн оролцогчид гэж хэн хэнийг хэлэх вэ. Ямар нэгэн хэрэг гарлаа гэхэд хэвлэлийнхэн цагдаагийн ямар нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтнаас мэдээлэл авах гээд асуугаад байдаг. Гэвч нөгөө хүн нь прокурорын зөвшөөрөл ирээгүй байна, зөвшөөрөл ирсний дараа мэдээлэл өгнө гээд сэтгүүлчдийн мэдээлэл авах цаг хугацаа сунжирдаг. Үүнээс үүдэн цагдаагийн алба хаагчид ч шүүмжлүүлээд амждаг.
-Энэ их сонин асуулт байна. Энэ асуулт сэтгүүлчээс гарч байгаа нь бүр сонин байна. Энэ бол их нарийн асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид гэж хэн хэнийг хэлэх үү гэдгийг хуульд нэрээр нь заагаад өгсөн байдаг. Шүүх, прокурор, мөрдөгч, гэрч, шинжээч гээд нэг бүрчлэн заагаад өгсөн байгаа. Зөвхөн эд нар л хэргийн оролцогч. Тэднээс бусад өөр оролцогч гэж байхгүй. Тэгэхээр тодорхой эрүүгийн хэргийн талаар тодорхой зүйл мэдье гэвэл оролцогч л мэднэ. Бусад хүмүүс оролцогч нараас мэдээлэл цуглуулж өгнө үү гэхээс өөрөө оролцогч биш бол тухайн асуудлын талаар мэдэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан оролцогчдоос бусад хүмүүс оролцогч болж оролцох эрхгүй.
Тэгэхээр ийм хэрэг шалгаж байгаа юм байна, тэр ямар хэрэг вэ гэж ЦЕГ-ын даргаас асууя. ЦЕГ-ын дарга би сайн мэдэхгүй байна гэж хариулах бүрэн эрхтэй. Яагаад гэвэл захиргааны удирдлагын хүн учраас. Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны оролцогч биш. Харин ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас асуувал би оролцогч нараас хэргийг нь шалгаж байгаа хүмүүсээс мэдээлэл аваад танд өгье гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тэр хүнд өөрт нь мэдээлэл байхгүй.
Тэгэхээр цагдаагийн байгууллага энэ мэдээллээ түргэн цуглуулдаг, хэвлэлийнхэндээ түргэн хүргэдэг, зөв хүргэх сувгаа л олох хэрэгтэй.
Ингэж хэргийн мэдээллийг бөөгнүүлж, сэтгүүлчдийг шалгаж байгаа хэрэгтэй холбож өгөхгүй бол сэтгүүлч бүр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос мэдээлэл аваад байх боломж байхгүй. Цагдаагийн байгууллагын хувьд мөрдөн шалгах ажиллагааны албаны дарга гэж хүн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 6.3-т албаны даргын эрх үүргийг зааж өгсөн байдаг.
Тэр албаны дарга л хэргийг хурдан шалгахыг зохицуулах, бичгээр үүрэг даалгавар өгөх, унаагаар хангах бүх үүргийг дарга нь хариуцах ёстой. Цагдаагийн ерөнхий газрын дарга бол захиргааны удирдлагын дарга учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш. Түүнд ийм үүрэг байхгүй. Тэгэхээр байгууллагын дарга үйл ажиллагаагаа жигд явуулахыг хангах үүрэгтэй. Тийм учраас цагдаагийн ерөнхий газрын дарга би оролцогч нараасаа асууя гэж хэлэхээс өөр арга байхгүй. Гагцхүү оролцогч нараасаа түргэн асууж, хурдан шуурхай мэдээллийг нь өгөх хэрэгтэй. Чирэгдээд дүлээд байдаггүй л байх хэрэгтэй.
-Энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын байнгын хороо, ХЭҮК зэрэг байгууллагууд хэргийн мэдээллийг өгөхийг шаардаж байна. Цагдаагийн байгууллага улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан ч юм уу хэн нэгэн дарга сайдаас хараат бус байж чаддаг уу
-Энэ асуултыг би 2 хувааж хариулмаар байна. Ноорог сайтын хэрэгтэй холбогдуулж УИХ-ын байнгын хороо цагдаагийн байгууллагаас мэдээлэл авсан байсан. ХЭҮК мэдээлэл авсан. Энэ хэрэг зөв шалгагдаж байна уу, яагаад үзлэг хийсэн юм гэдэгт прокурор хяналт тавих үүрэгтэй. Прокурор хяналт тавих эрхтэй, бас үүрэгтэй. УИХ-ын байнгын хорооны цагдаагийн газраас асуусан асуулт цагдаагийн газраас гаргаж өгсөн мэдээлэл, ХЭҮК-ын цагдаагаас асуусан асуулт цагдаагаас гаргаж өгсөн мэдээлэл нь прокурорын хяналттай 100 хувь таарч байгаа. Гурван бичгийг гурвууланг нь гаргаад үзэж болно.
Тэгэхээр нэг асуудлаар УИХ-ын байнгын хороо, ХЭҮК, прокурор гурвуулаа давхардаж гурвуулаа ажиллаж байгаа нь ямар ч байсан зөв ажил биш.
Нэг ижил зүйлийг гурвуулаа хийж байгаа нь зөв зүйл биш гэж би бодож байна. Прокурорт ажлаа танилцуулж, зөвшөөрлөө аваад ажиллах ёстой цагдаагийн байгууллага ахиад өөр газруудад тайлагнаж явах нь цагдаагийн ажлыг их хүндрүүлж байгаа.
Мэдээлэл гаргуулж авсан УИХ-ын байнгын хороо, ХЭҮК-оос энэ хэргийг шалгахад буцаагаад ямар заалт өгсөн юм. Заалт өгөх гэж авсан юм уу. Ямар тус нэмэр болсон юм. Ямар буруу зөв ажиллагааг сайжруулах гэсэн юм. Үгүй бол зүгээр мэдээлэл авсан юм уу. Мэдээлэл авсан юм бол яагаад цагдаагийн байгууллагын захиргааны удирдлагын газраас авч байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос яагаад аваагүй юм. Тэндээс нь авбал илүү дээр баймаар. Тухайлбал, хяналт тавьж байгаа прокуророос, үгүй бол хэргийг шалгаж байгаа албаны даргаас авах байсан гэж бодогдож байна.
Хараат бусын тухайд хуулийн байгууллага төрийн ч юм уу тодорхой аж ахуйн нэгжийн нөлөөнд ордог гэж ард түмэн их ярьдаг. Тийм нөлөөнд орох явдал байдаг байх гэж би ч гэсэн боддог.
Зарим эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэх ажлыг 10 гаруй удаа хойшлуулж байна. Ингэхээр л яагаад хойшлуулаад байгаа юм гээд хардлага гарахаас өөр аргагүй. Өмгөөлөгч ирсэнгүй, шүүгч нь шүүх хурал давхцалаа гээд өмгөөлөгч, шүүгч хоёроос л голдуу хамаардаг. Эсвэл шүүгдэгчийн хүсэлтээр прокуророор шүүх хурлыг хойшлуулдаг. Гэхдээ прокурорын оролцоогоор хойшлуулсан тохиолдол гараад байдаггүй. Энэ мэт зүйлд нөлөө ордог байж болзошгүй гэж бодож байгаа. Түүнээс тодорхой хэрэг дээр хяналтын журмаар л үзэхээс биш үгүй гэх аргагүй.
Ер нь төрийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй. Огт эрхгүй гэдгийг нь шулуухан хэлэх хэрэгтэй. Хууль тогтоох байгууллага, УИХ ч мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй. ХЭҮК ч оролцох эрхгүй. Өөр бусад байгууллага, ерөнхий сайд, хууль зүйн сайд ч оролцох эрхгүй. Энэ заагийг чанга гаргах хэрэгтэй.
Мөн асуух асуултаа хариуцсан эздээс нь асуух их чухал байна. Хэн нэгнээр дамжуулж биш.
-Нэр бүхий байгууллагууд энэ хэргийн талаараа танилцуулаач гээд байгаа нь цагдаад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж хэлж болох уу. Нөлөөлөл үзүүлж байна гэж ойлгож болох уу
-Би тэгж ойлгохгүй байна.
Бүр муугаар хэлэх юм бол хүний эрхийн асуудал руу ороод, шуурхай сайн ажиллаад яасан сайн байнгын хороо вэ, яасан сайн ХЭҮК вэ гэж хэлүүлэх гэж оноо цуглуулж явна л гэж харж байна. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд тус больё, нэмэр больё гэж бодоогүй байх. Тэд нарт нэмэр болох ч юм байхгүй. Сайхан харагдах гэсэн арга ч гэж хэлж болно.
Нөгөө талаасаа төрийн албан хаагч бүрд өөрийн сонирхсон сэдэв байдаг.
Дээр үед В.И.Ленин багшийн хэлснээр бол тухайн хүний өвчтэй газар гэж нэрлэдэг. Сэтгүүлч нарын ажиллах нөхцөлийг тавьж өгөхгүй байна гээд нэг хүн өөрөө бухимдаад байхаар зэрэг түүнтэй нь холбоотой асуудал гараад ирэхээр бушуухан тэр руу орохоос өөр арга байхгүй. Ингээд сэтгүүлчийн эрх зөрчөөд байна гээд өөрийн эрхгүй орчихдог. Сэтгэл хөдлөл, эмоци төрийн албаны үйл ажиллагаа хоёроо зааглаж зөв явж сурах хэрэгтэй.
Нэр бүхий байгууллагууд энэ хэргийнхээ талаар мэдээлэл өг гээд байгаа нь тус хэрэгт нөлөөлөх гээд байгаа хэрэг гэж бодохгүй байна.
Гэхдээ олон ийм үйлдэл дунд тийм санаа хавчуулагдсан байхыг үгүйсгэхгүй.
Зүгээр л их сайн ажиллаж байгаа газар байна гэх нэр авах гэсэн үйлдэл л гэж харж байна.
-Цагдаагийн байгууллага энэ шиг сайхан харагдах ажлаа хийж чадахгүй байгаа болохоор шүүмжлэлд илүү өртөөд байгаа хэрэг үү
-Би цагдаагийн байгууллагад их хайртай хүн. Гэхдээ одоо бол би цагдаагийн байгууллагын шууд өөрийг нь шүүмжилмээр байна. Юу болсон яасан гэдгийг олон түмэнд ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байна. Прокурор зөвшөөрөхгүй байна гээд байдаг.
Прокурорын зөвшөөрөлгүй тайлбарлах зүйл зөндөө байна. Өөрсдөө ард иргэдэд жишээлбэл, ноорог сайтын хэрэг ийм зүйл болсон гээд тайлбарлахгүй байна.
Ноорог сайтынхны дансаар мөрийтэй тоглоомын мөнгө хэрхэн дамжсан талаар мэдээллийг нийтэлье гэхээр нийтлэх зөвшөөрлийг прокуророос хүслээ гэж байна. Прокуророос хүсээд нийтэлбэл сайн л байна. Энийг нийтлэх зөвшөөрөл хүсэхийн өмнө тайлбарлах зөндөө юм байна. Ийм шалтгаанаар шөнө ажилласан, ийм шалтгаанаар нотлох баримт хурааж авсан гээд. Энэ тайлбараа олон нийтэд тайлбарлаж хэлэхгүй байна.
Хүмүүст ойлгогдохоор хэлж чадахгүй, шүүмжлүүлж байгаа цагдаагийн байгууллагын өөрийнх нь буруу.