Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудаас гадна үүсмэл ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмших асуудал яригдаж буй. Гэхдээ бүх орд руу нэгэн зэрэг довтлохгүй, ээлж дараатайгаар хэлэлцээрийн ширээний ард суух бөгөөд эхний ээлжинд “Эрдэнэтийн үйлдвэр”-ийн үүсмэл ордуудад эзэмшлээ тогтоохоор төлөвлөж байгаа аж. Үүсмэл орд гэдэг нь үйлдвэрийн хаягдлаас бий болсон балансын бус хүдрийн овоолгыг хэлж буй хэрэг.
“Эрдэнэт үйлдвэр”-т хамаарах нийт 12 үүсмэл орд байдаг. Одоогоор гурвыг нь ашиглаж буй. Тэдгээрийг “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компани тус тус эзэмшиж байгаа.
Өнгөрсөн хугацаанд хамгийн их маргаан дагуулж, олны анхааралд байсан нь “Ачит ихт” ХХК. 2009 онд байгуулагдаж, 2013 онд үйлдвэрээ ашиглалтад оруулж, “Эрдэнэт”-ийн хоёрдугаар овоолгыг ашиглах 10 жилийн гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ачит Ихт” компаний 34 хувийг эзэмших тохироотой байсан ч 2015 онд уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хувь эзэмшихээ больсон.
Одоо тус компаний 78 хувийг ЕТГ-ын дарга асан П.Цагаан болон түүний гэр бүлийн эзэмшлийн “Степкупер” ХХК эзэмшдэг. Үлдсэн 22 хувийг “Цаглавар” ХХК эзэмшдэг. Гэхдээ энэ компанийг удирддаг У.Өлзийжаргал нь “Степкупер” ХХК-ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладгаас харахад мөн л тус гэр бүлийн хамааралтай гэж уншигдаж байгаа юм. Цаасан дээр бүртгэгдсэн нь П.Цагаан болон түүний хамаарал бүхий хүмүүс байгаа ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн оролцоо бий гэж харддаг.
Жилд 10 мянган тонн цэвэр зэс гаргаж, 100 сая ам.долларын ашиг олдог гэгддэг энэ компаний 34 хувийг төр эзэмшсэн тохиолдолд төсвийн орлого 34 сая ам.долараар нэмэгдэх боломж бий болох нь.
“Эрдмин” ХК-ийн тухайд 58.5 хувийг нь АНУ-ын “Ар Си Эм Инк” ХХК, 25 хувийг нь “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, 10 гаруй хувийг "МИКО Холдинг", иргэн Ж.Дамдинжав нар эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Энэ компаний хувьд катодын зэс боловсруулахаас гадна кабель болон цахилгаан монтажны утас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж буй. Улсын бүртгэлд эцсийн өмчлөгч нь Жамсрангийн Баатар гэдэг хүн бүртгэгдсэн байдаг. Ардын намд нөлөө бүхий эрхэм гэгддэг.
Харин “Зэс эрдэнийн хувь” компаний хувьцааны 70 хувийг “Бльюмон металс” ХХК, 30 хувийг нь Орхон аймгийн 24,522 иргэн эзэмшдэг. “Бльюмон Металс” ХХК-ийн захирал Э.Батбаяр нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү. Тэгэхээр тус компани улс төрд, тэр тусмаа МАН-д нөлөө бүхий төлөөлөлтэй гэсэн үг. 2010 онд байгуулагдсан “Зэс Эрдэнийн хувь” ХК нь 2013 онд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай гэрээ байгуулж, Эрдэнэтийн 8а болон 12 дугаар овоолгыг ашиглан, катодын цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулсан.
Дээрх гурван компаний хоёр нь Монгол ардын нам, нэг нь Ардчилсан намд нөлөө бүхий эзэнтэй.
Ямартай ч одоогоор 34 хувиа төрд өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа аж. Харин Засгийн газар 34 хувь дээр тогтох уу аль эсвэл барьцаа лавшруулж, 50 хувь дээр тогтох уу гэдэг сонин байна.