Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.03.24 10:05
3326
А.Баяржавхлан: Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаад сар бүр 75 сая төгрөг өгдөг байсан

Ноорог сайтын ажилчдыг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан, зургаан дансаар 9,3 тэрбум төгрөг эргэлдүүлсэн гэх хэрэгт татан шалгаж байгаа. Харин тус хэргийг зохион байгуулсан гэх "Торгоны зам" клубын үүсгэн байгуулагч А.Баяржавхлан тус асуудлын талаар мэдээлэл хийлээ. А.Баяржавхлан нь тус хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа А.О-ийн ах аж. 

А.О нь Ноорог сайтад ороод удаагүй байгаа бөгөөд төрсөн ах болох А.Баяржавхланд дансаа 6-7 сарын хугацаанд хэрэглүүлж байжээ. 

А.Баяржавхлан, “Торгоны зам” клуб болон “Ноорог” гэдэг газарт ямар нэг хамаарал байхгүйг албан ёсоор хэлж байна. Торгоны зам клубын эзэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүн би өөрөө. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 3 сарын дараа цагдаагийн байгууллагаас манай дансанд барилт хийсэн. Үүний дараа кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаагаас холбогдож барилт хийсэн дансыг чинь нээж, үйл ажиллагааг чинь явуулж болно гэсэн. Ингэснээр тус цагдаагийн алба хаагчтай хамтарч ажиллаж 400-аад сая төгрөгийг өгсөн байдаг. 

Эхлээд сард 50 саяыг өгдөг байсан. Сүүлдээ 75 болгож өсгөсөн. Сар бүрийн 20-нд өгдөг.

“Ноорог”-ийн залуустай холбоотой асуудал дэгдсэнээр тэр хүнд мөнгө төлөөгүй эхний сар нь болж байна.“Торгоны зам” клубийн ард эздээс нь илүү ашиг олдог нууц ноёнтон байдгийг нотлох үүднээс сонсгох бичлэг ч байгаа гэсэн юм.

Мөн тус асуудалтай холбогдуулан өнөөдөр НЦУГ-аас мэдээлэл хийхээр болсон байна. Бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.