m.mn
түрүүлж мэдээлнэ
Хууль эрх зүй
2025.03.25 10:19
13460
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайвангийн хадгаламж 181 саяас 522 сая болж өсжээ

Ноорог медиагийн ажилтан А.О нарын иргэдийг мөрийтэй тоглоом зохион байгуулж, 9.3 тэрбум төгрөг эргэлдүүлсэн гэх асуудал нийгэмд хурцаар яригдаж, олны анхаарлын төвд ороод буй. Уг хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн 22-ны өдрөөс эхлэн дээрх А.О нарын гурван хүнийг нэг сарын хугацаанд цагдан хориод байгаа бөгөөд тэдний нэг нь цагдаагийн алба хаагчаар ажиллаж байсан хүн гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн. 

Мөн цагдан хоригдоод буй Ноорог медиагийн ажилтан А.О-ын төрсөн ах, "Торгоны зам" мөрийтэй тоглоомын клубын үүсгэн байгуулагч гэх иргэн А.Баяржавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, удаан хугацааны турш ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Ингэхдээ ар гэрийнхнийхээ дансыг ашигладаг байснаас гадна цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллаж, тэдэнд их хэмжээний хахууль өгөх замаар уг гэмт хэргээ үйлддэг байсан талаараа мэдээлсэн юм. 

 

Тэгвэл, Мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай тэмцэх ажил эрчимжихтэй зэрэгцэн хууль хүчний байгууллагынхан тэдэнтэй хамтран, аливаа асуудлыг нь хааж, зохицуулж өгдөг байж болзошгүй асуудал ар араасаа урган гарсаар байна.

Дээрх хэргийн хүрээнд цагдаагийн алба хаагчид, дарга нарын хөрөнгө орлогын мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах хүрээнд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван хурандаагийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, 2018 оноос АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж эхэлсэн байх бөгөөд, гэр бүлийн жилийн орлого нь 58 сая 577 мянга байсан бол 2023 онд 225 сая 300 мянга болж нэмэгдсэн байна.

Үүнийг задалбал, 

2019 он-58 сая 577 мянга

2020 он-69 сая 550 мянга

2021 он-84 сая 175 мянга

2022 он-70 сая

2023 он-225 сая 300 мянга

Өөрийн орлогын тухайд мөн жил бүр өсөлттэй бөгөөд 2019 онд 32.9 сая, 2020 онд 63.5 сая, 2021 онд 75.9 сая, 2022 онд 94.3 сая хүртэл нэмэгдээд 2023 онд 43.7 сая болж өмнөх оноос буурсан байна.

Орон сууц, барилга байгууламжийн хувьд 248 сая 200 мянгаар үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн хашаа байшин, нэг авто зогсоол, нэг авто гражтай. 

Түүний хөрөнгө, орлогын мэдээллээс хамгийн их анхаарал татаж байгаа нь жил бүр 100 орчим саяар нэмэгдсэн хадгаламжийн данс нь. Тодруулбал, 2019 онд 181.6 сая төгрөгийн хадгаламжтай байсан тэрээр 2023 онд 522 сая болж даруй тав дахин нэмэгдсэн байгаа юм. 

Үүнийг задалбал, 

2019 он: 181 сая 573 мянга

2020 он: 268 сая 293 мянга

2021 он: 342 сая 256 мянга

2022 он: 413 сая974 мянга

2023 он: 522 сая 77 мянга

Мөн Эрдэнэс таван толгой ХК-иас 6432 ширхэг хувьцаа эзэмшдэгээс өөр хувьцаа эзэмшдэггүй, 98.1 сая төгрөгийн зээлтэй хэмээн АТГ-т мэдүүлсэн байна.