Саудын Арабын Эр-Рияд хотод ОХУ, АНУ-ын төлөөлөгчид өчигдөр 12 цагийн турш хэлэлцээ хийж дууслаа. Энэ хугацаанд талууд гурван удаа завсарлага авсан ба өнөөдөр хамтарсан хэвлэлийн хурал зарлахаар бэлтгэж байна. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Тамми Брюсийн мэдэгдэж буйгаар, Украин, Орос хоёр бүрэн гал зогсооход ойртсон гэж байна. “Бид бүрэн гал зогсоох тохиролцоонд хүрэхэд хэзээ ч байгаагүйгээр ойртлоо” хэмээн тэрээр онцолсон байна. Хар тэнгис дээр гал зогсоох асуудлыг түлхүү хэлэлцсэн, үүний дараа бусад сэдэв рүү ороод явна, энхийн гэрээ байгуулахад аль аль тал нь буулт хийх хэрэгтэй хэмээн тэрээр нэмж хэллээ. Хэлэлцээний үр дүнд ямар нэг тохиролцоонд гарын үсэг зурахгүй хэмээн мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины ашигт малтмалыг олборлох гэрээнд мөдхөн гарын үсэг зурна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Мөн Украины цахилгаан станцуудыг Америкийн компанийн мэдэлд шилжүүлэх талаар ярилцаж байгаа аж.
Харин Эр-Риядын хэлэлцээний дараа Украины дайныг дуусгах бодит ахиц дэвшлийг хүлээгээд хэрэггүй хэмээн Москва анхааруулав. “Энэ хэлэлцээ хаалттай хаалганы цаана явагдсан. Хэд хэдэн чиглэлээр ажил явж байгаа болохоор ямар нэг ахиц дэвшил хүлээгээд хэрэггүй” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова ярилаа. Техникийн тодорхой асуудлаар хэлэлцээ өрнөсөн, хямралыг зохицуулахын тулд олон нарийн ширийн асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй болж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков тодотгожээ. Хэлэлцээний явцад Хар тэнгисийн флотын аюулгүй байдлыг голлон хэлэлцсэн бололтой. Орос, америкууд хилийн шугам, фронтын байдал, эрчим хүч, Хар тэнгис зэрэг олон асуудлаар юу ярилцаж, ямар зөвшилцөлд хүрсэн нь хамтарсан хэвлэлийн хурлаар тодорхой болно. Орос, Америкийн хэлэлцээ дууссаны дараа Америк, Украины төлөөлөгчид уулзаж ярилцахаар болжээ. “Дайныг сунжруулж байгаа цорын ганц субъект нь Орос болж байгаа. Тэд манай хүмүүсийг доромжилж, дэлхий нийтийг ч тохуурхаж байна. Оросыг энх тайванд хүргэхийн тулд хүчтэй, шийдвэртэй алхам хэрэгтэй байна” хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгджээ.