“Явцгаая, та нарыг буцаагаад аваачаад өгье” хэмээн украин залуу Леонид зүтгэлээ. Тэрээр дайнд нэг хөлөө алдсан ч нөгөө хөлөөрөө цэргийн фургоныг чадварлаг жолоодох аж. Ганц зүүн хөлөөрөө хааз, тоормозоо сэлгэн гишгэж, нил мөс болсон замаар ч машинаа хөнгөхөн жолоодож байлаа.
Тэрээр Оросын мэргэн буучдын суманд өртөж нэг хөлөө алджээ. Эдгэрэх гэж нэлээн хугацаа зарцуулж. Нэг хөлтэйгээ удаж залхаад цэргийн машин жолоодохыг л хамгийн сайн хийж чадна хэмээн зүтгэсээр албандаа эргэж иржээ. Гэхдээ залхаж, уйтгарласандаа ч биш өөр нэг шалтгаан түүнийг босгож ирсэн байна. “Манай дайсан энд байгаа, тэд амрахгүй байлдсаар байна. Би тэгэхээр яагаад амрах ёстой гэж?” хэмээн тэрээр асууж байна.
2022 оны намар Харькивт оросуудын эсрэг сөрөг довтолгоо хийж олзолж авсан хуягт машинуудын бүрэн бүтэн байдлыг Леонид хариуцаж байв. Украины арми гэнэтийн цохилт хийж Оросын 500 орчим хуягт машинуудыг олзолсон юм. “Би Орос гаралтай машин, техникийн доторхыг маш сайн мэднэ. Т72 байлдааны машиныг олон жил жолоодсон” хэмээн тэрээр өгүүлж байна.
Дайн эхлээд гурван жил өнгөрөхөд шархдаж зэрэмдэг болсон цэргүүд Украинд ердийн үзэгдэл болсон юм. Гэвч олон украин цэрэг дүрэмт хувцсаа өмсөж хэрэглэсээр байгаа нь сонирхол татна. Зүгээр өмсөх гэж, эсвэл гангарах гэж өмсөөгүй. Тэд шарх, гэмтэл бэртлээ үл тоон сайн дураараа албаа хааж, эх орноо хамгаалж байна. Оросууд Украинд нэвтэрч орсноос хойш 300 мянган орчим цэрэг шархдаж эрэмдэг болсон ч бараг тал хувь нь фронтод тулалдсан хэвээр. Логистик, цэргийн засаг захиргаанд тэд ажилласан хэвээр байна. Ахмад Олександр Пузиков эзлэн түрэмгийллийн эхний өдрүүдэд нэг гараа алджээ. Тохирох хиймэл гар хүлээж нэлээн удсан ч ирсэнгүй. Эцэст нь модон гар хийгээд албаа үргэлжлүүлэн хаахаар шийджээ.
- Та яагаад албандаа буцаж ирсэн юм бэ?
- Манай дайсан Украинаас гараад явчихсан юм уу?
- Үгүй.
- Тэгвэл бид нарт хийх ажил байна гэсэн үг.
Олександр зөвлөлтийн үеийн буугаа бэлэн байдалд атгаастай. Тэрээр фронт дээр эргэж очоогүй ч арын албанд цэргүүдийг сургах ажилд бие сэтгэлээ зориулж байна. Довтолгооны ангийн түрүүч Дмитро бууны суманд өртөж өрөөсөн нүдгүй болжээ. Бие биеэр нь шигсэн төмрийн хэлтэрхийг авахуулах гэж олон мэс засалд орсон ч зарим жижиг хэлтэрхийг авалгүй үлдээжээ. “Тэр жижиг хэлтэрхийнүүд өөрсдөө аяндаа гадагшлаад арьсны цаана ирэхээр зүсэлт хийгээд авчихдаг” хэмээн тэрээр сорви дүүрэн гараа харуулан өгүүлж байна.
Дмитро зэвсэг барьж, сумнаас хамгаалах хантааз өмсөөд удирдаж байсан анги нэгтгэл дээрээ эргэж иржээ.
“Намайг шархдаад хэвтэж байхад арай гэж олж авчирсан. Цэрэг эрийн ажил дуусаагүй байна, би дайчин нөхдөө орхиод явж чадаагүй. Над шиг шархдаагүй ч эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай цэргүүд их байна. Тэд энд тулалдсан хэвээр байна” хэмээн Дмитро ярилаа.
-
Украин залуус армид элсэхгүй зугтаж байгааг та юу гэж бодож байна?
- Тэр бол урвалтаас ялгаагүй, учир нь байшингийн хонгилд нуугдаж тоглож буй энэ амьдралыг хэн ч хүсээгүй. Оросын түрэмгийлэлд тууштай хариу өгч буй хүмүүс байна, өгөхгүй хүмүүс ч бас байна.
Дайнд шархдаж эрэмдэг болсон цэргүүд эдгэрч эргэн ирэх гэж олон өдөр, сар болж байна. Олон цэрэг хиймэл хөл, гартай болж байгаа ч Украин улсад тэрэнд нь өгөх мөнгө алга, гадны, тусгаар байгууллагуудын тусламжтайгаар хиймэл гар, хөлтэй болж байга аж. “Хэн нэг нь миний гарыг аваад явчихсан. Алдсан гараа эргүүлж олж аваад хоёр гараараа тулалдах болно” хэмээн Олександр өгүүлж байна.