m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.03.26 10:01
2120
АНУ, ОХУ ямар тохиролцоонд хүрсэн бэ?

Саудын Арабт болсон Москва, Вашингтоны хэлэлцээний явцад ямар асуудлаар тохиролцоонд хүрсэн, Орос, Украины ямар байгууламжуудыг 30 хоногийн хугацаанд довтлохгүй байх үүрэг хүлээсэн талаарх мэдээллийг Кремль албан ёсны хуудсандаа нийтэлжээ. Нефть боловсруулах үйлдвэр, нефть хадгалах газар, дамжуулах хоолой, үйлдвэрлэл, эрчим хүч дамжуулах дэд бүтэц, жижиг станцууд, трансформаторууд, цөмийн цахилгаан станц, усан цахилгаан станцын даланг 2025 оны гуравдугаар сарын 18-наас эхлэн 30 хоногийн хугацаатай харилцан довтлохгүй байхаар тохирчээ. Тохиролцоог сунгаж болно. Аль нэг тал нь гэрээгээ зөрчвөл нөгөө тал нь гэрээг дагахаас татгалзах эрхтэй. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Кремлийн мэдэгдлийг шүүмжлэв. “Тэд тохиролцоог гажуудуулж, манай зуучлагчид, дэлхий нийтийг бараг л хуурч орхилоо. Эрчим хүчний байгууламжийг довтлохгүй байх тохиролцоо 18-наас эхлэн тооцогдоно гэж байна. Цагаан ордон мэдэгдэл гаргаснаас буюу 25-наас хойш тооцох ёстой. Путин Трамптай утсаар ярилцахдаа уг нь ингэж тохиролцсон” хэмээн тэрээр ярилаа. Украины арми сүүлийн долоо хоногт Орос дахь нефть, хийн үйлдвэрийг хэд хэдэн удаа довтолсон юм. Эрчим хүчний байгууламж дээр гал зогсоох тохиролцооноос гадна Москва, Вашингтон хоёр Хар далайн флотын аюулгүй байдлаар хэлэлцээ хийхээр болсон байна. Хар далай дээр гал зогсоох, худалдаа арилжааны хөлөг онгоцыг цэргийн зорилгоор ашиглахгүй байх талаар яригдаж байгаа аж. Мөн Орос улс хоол хүнс, бордооны дэлхийн зах зээл дээр эргэн гарахад АНУ туслана хэмээн амлажээ. Оросын Хөдөө аж ахуйн банк болон санхүүгийн бусад байгууллагад тавьсан хоригийг цуцлах, SWIFT арилжаанд нэмэх, шаардлагатай дансуудыг нээх, хоол хүнс, бордоо экспортлодог компаниудад тавьсан хязгаарлалтыг цуцлах, ачаа бараа тээвэрлэдэг компаниудын даатгалын хязгаарлалтыг цуцлах, Оросын далбаатай хөлөг онгоцуудын эсрэг хоригийг цуцлах, Орост хөдөө аж ахуйн техник, бараа нийлүүлэхийг чөлөөтэй болгох зэрэг шаардлагыг биелүүлсэн тохиолдолд Хар далайн аюулгүй байдлыг ярилцаж болно хэмээн ОХУ сануулжээ. “Орос, Америк хоёр бат бөх, урт удаан энх тайванд хүрэхийн төлөө ажилласаар байна” хэмээн Кремлийн мэдэгдэлд онцолсон бол, Ерөнхийлөгч Дональд Трамп “Орос-Украины хямралыг зохицуулах асуудал дээр АНУ мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүргэж чадлаа. Хар далай дээр энх тайван тогтоох Оросын талын тав, зургаан нөхцөлийг бид судлан хэлэлцэж байна” хэмээн мэдэгджээ.