m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 03:29
1428
Гоёлын даашинзны “акулууд”

Эдгээр дизайнеруудын даашинз өмссөн эзнээ яасан ч хөөдөхгүйгээс гадна энэ яваа насандаа “Хамгийн мэдрэмжгүй хувцасласан одод”-ын тоонд багтах ичгэвтэр байдалд хэзээ ч оруулахгүй. 

1. Elie Saab
Эли Сааб гэдэг нэрийг сонсоод анх Коко шиг л эмэгтэй хүн бий гэх бодол төрж билээ. Гэтэл тохь тух суусан, чанарыг үнэртээд л мэддэг байх гэмээр эмэгтэйн оронд Ливанд төрж өссөн, урт сахал үстэй залуу өөдөөс цоо ширтэж байдаг байгаа. ЭС 1964 онд төрсөн бөгөөд Парис, Миланд дэлгүүрүүдээ нээсэн ч одоог хүртэл төвөө эх орондоо байлгасаар л байгаа үндсэрхэг үзэлтэй нэгэн юм. Өөрөө оролдсоор 9 настайдаа оёж сурч, төрөлх хотдоо 18 настай байхдаа 15 ажилтантайгаар үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Түүний загварыг судлаачид Өрнө, Дорнын аль алиных нь онцлогийг шингээсэн болохоор онцгой гэж үздэг ба торго, атлаас, хамгийн нандин нэхмэл даавуунуудыг л Эли Сааб даашинзандаа ашигладаг билээ. “Би хэрвээ шийдэмгий хүн бишсэн бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй байсан” “Миний зан, загвар хоёр маань надад дэндүү адилхан санагддаг. Гэхдээ сэтгэл үргэлж өөрчлөгдөж байдаг шиг загварууд маань ч гэсэн нэг л өдөр дагаад хувьсах болно. Энэ зүйл бол мөнхийн юм”

2. Oscar De La Renta
“Balenciaga” брендийг үүсгэн байгуулагч Кристобал Баленсиагагийн хайртай шавь байсан Оскар Де Ла Рента Доминиканы Бүгд найрамдах улсад төржээ. Ээж нь Испани гарал, хүмүүжилтэй эмэгтэй байсан учир түүнд Латин Америкийн “халуун” дориун үзэл санаа нэвт шингэсэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Европ дотроо түүний загварууд хамаагүй дулаахан, элэгсэг, угалз хээ, цэцгэн дэлбээгээр элбэг байдаг гэсэн үг юм. Олон улсад танигдахдаа АНУ-ын тэргүүн хатагтайн даашинзыг хийж эхэлсэн тэрээр сүүлд “Balmain”, “Lanvin” -д уригдан haute-couture урласнаар Францын загварын ордонд ажиллаж буй анхны доминикан хүн болжээ. Оскар улаан хивсний “хатад”-ыг бүтээхээс гадна хуримын даашинз хийдгээрээ алдартай. “Цэцэрлэгээ арчлах нь миний өөрийгөө амрааж тайвшруулдаг аргын нэг. Хувцас загвараас гадна цорын ганц өнгө будгаар тоглох боломжтой зүйл чинь тэр шүү дээ”, “Би хүмүүсийг шоконд оруулахын тулд хувцас оёдоггүй. Би зүгээр л сайхан хувцас бүтээхийг хүсдэг юм”, “Надад өдөр тутам өмсдөг жирийн хувцас бүтээх хүсэл огтхон ч орж ирж байгаагүй. Яаж гэдгийг нь би мэддэг ч гүй.

3. Zuhair Murad
Ливанаас гаралтай загвар зохион бүтээгч Зухайр Мурад ахлах сургуулиа төгссөний дараахан Парис руу зориглон явж загвар зохион бүтээгчийн зэрэг горилон суралцаж эхэлсэн байна. Ромд 1999 онд анхны коллекцио танилцуулсан тэрээр удалгүй төрөлх хот, Ливаны гол эдийн засгийг удирддаг Бейрутдаа ирэн дэлгүүрээ нээжээ. Зухайр Мурадийн загваруудын амин судас нь чангахан хүрвэл урагдаж мэдэхээр торгомсог байдал, завсаргүй гоёл хоёрын дунд оршиж байдаг. Хэзээ ч түүний даашинзаас Викториа Бекхамийнх шиг хурц өнцөг, уйтгартай саарал өнгийг олж харахгүй. Харин хадамд дөнгөж гарсан эмэгтэйн цэцэг шиг ааш, гял цал, залуулаг бөгөөд тансаг байдлыг л олж харна. Энэ чинь л Зухайр Мурад байхгүй юу! “Эмэгтэй хүний бүх зүйл нь хоорондоо зохицож, бие биенээ “өөгшүүлж” байх ёстой. Үс, нүүр будалт, гоёл чимэглэл гээд. Гэхдээ аль нь ч даашинзыг анхаарлын төвөөс холдуулахааргүй байх хэрэгтэй”.

4. Valentino Garavani
Хөгжмийн ертөнцөд Шер эсвэл Мадоннаг яаж үнэлдэг билээ, хувцас загварт Валентино яг л тийм нэр хүндийг өөртөө дархалсан нэгэн юм. 1932 онд Италид төрсөн түүний түүх Ромоос жинхэнэ утгаараа эхэлсэн гэж хэлж болно. Бяцхан оёдлын газартай, жижигхэн хувцасны дэлгүүртээ тэрээр Парист үзэж харсан зүйлээсээ санаа аван даашинз урладаг байв. Алдарт хүрэхэд нь түүнд нэрийн улаан даашинзнаас нь гадна ажлын болон амьдралынх нь хамтрагч Жанкарло Жаммети хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Одре Хэпбурн, Жаклин Кеннеди, Элизабет Тейлор нарын сайн дураар үүсгэсэн “фен клуб”-тэй Валентиногийн үргэлж хэлдэг үг нь “Эмэгтэй хүн юу хүсдгийг би мэднэ. Тэд үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг юм” байлаа. Загварт нь харанхуй, гэрэл гэгээ, бүр жаргаж буй нарны ягаан туяа багтдаг ч гэлээ тэрээр тод, ялангуяа улаан өнгийг гойд чухалчилсан хэвээр л байгаа. “Би 60-аад оны хувцас загварт хамгийн дуртай. Хувьсал явагдаж байсан ч тэнд хэтрүүлсэн, дэндүүлсэн зүйл огт харагддаггүй байсан”, “Алхахад хөлийн шагай нь ил гарч ирээд байдаг үдшийн даашинз бол миний харсан хамгийн муухай зүйл”, “Би юунд баярладаг гээч? Энэ бүх цаг хугацаанд, дэлхий ертөнц, ялангуяа хувцас загварын ертөнц ингэж их өөрчлөгдөж байхад ч өөрийн онцлог стилиэ хадгалсаар, бүтээсээр байх боломжийг олгосон явдалд” “Надад хийж чадах гурван л зүйл бий. Нэг нь даашинз урлах, нөгөө нь байшин чимэглэх. Гурав дахь нь хүмүүсийг хөгжөөх”.

5. Emilio Pucci
1914 онд төрсөн Италийн загвар зохион бүтээгч Эмилио Пуччи загварын авъяасаа бусдаасаа сүүлд олж нээснээрээ онцлогтой. Тэрээр улс төр судлал, дипломатчаар суралцаж докторын зэрэг ч хамгаалж байсан бөгөөд дэлхийн 2-р дайнд Италийн нисэх хүчинд дайтаж явжээ. Түүний анхны коллекц нь коллежийн цанын багийн хувцас байсан бөгөөд тухайн үед Harper’s Bazaar сэтгүүлийн зурагчнаар ажилладаг байсан найз нь үзээд хэд хэдэн хувцсыг нь сэтгүүлдээ нийтлэснээр АНУ, европоос үйлдвэрлэх санал ирж. Ингээд Эмилио агаарын хүчнийг орхин загварын ордноо байгуулж от кутюр загварууд дээрээ ажиллаж эхэлжээ. Тавиад оны эхээр алдарт Мэрилин Монро түүний шүтэн бишрэгч болж даашинзаар нь гоёх болсноор Софи Лорен, Жаклин Кеннеди, Деби Ренолдс нарыг араасаа дагуулж бүсгүйчүүд даашинзууд руу хошуурах замнал нь тавигдсан байна. Тэрээр зөвхөн даашинз гэлтгүй өдөр тутмын коллекцууд гаргадаг ч загварын ордны гол тодорхойлолт болсон даашинзандаа хамгийн их анхаарлаа хандуулдаг. “Эмэгтэй хүн бол гоо үзэсгэлэн.