Зам тээврийн яамнаас долоо хоногийн статистик мэдээгээ танилцуулжээ.
Зорчигч тээвэр:
-Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 339.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ачаа тээвэр:
2025 оны гуравдугаар сарын 23-ний байдлаар салбарын нийт ачаа тээвэр 25.0 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурсан байна.
-Авто тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 16.0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурсан.
-Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар буурчээ.
-Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар мөн буурсан байна.
Ийнхүү буурсан үзүүлэлттэй байгаа үед Монголын төмөр зам ТӨХК 50 хувь хөнгөлөлт үзүүлэх шийд гаргажээ. Тодруулбал,
Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц ашиглалтын тарифыг гүйцэтгэх захирлын2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн А/34 тоот тушаалаар 50 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлж мөрдөн ажиллаж эхэлжээ.
Тиймээс тус асуудлын талаар эдийн засагч Б.Энхбаяраас тодрууллаа.
Б.Энхбаяр: Төмөр зам бариад их хэмжээний ачаа тээнэ гэж ярьж байсан зам тээврийн яам тээвэрлэлт буурсан шалтгаанд хариулт өгөх хэрэгтэй
-Төмөр замын ачаа тээвэр 13 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа энэ үед 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийд гарсынг та юу гэж харж байна вэ?
-Авто тээвэр л өөрсдөө саналаа хэлж байх шиг байна. Гол нь манай компаниуд биш урд хөршийн хөрөнгө оруулалттай компаниуд илүү давамгай болж байна. Хямд үнээр санал тавьж байна. Тэдний хэлж байгаа үнэ бодит өрсөлдөөн мөн үү. Хэт бага үнэ хэлж манай тээврийн зах зээлийг эзэлж байна. Нөгөө талаараа шинэ зам учир байнгын, бүрэн ашиглалттай байлгах зорилгоор ачаа тээвэр явуулах хэрэгтэй.
Ганцхан нүүрс тээвэр хийнэ гэж төмөр зам тавиагүй байлгүй. Бусад төрлийн ачаа явах ёстой байх.
Уул уурхайн компаниудын ажилчид байгаа. Тус компанийн ажилчдын зорчих аюулгүй байдлыг хангах үүднээс автомашинаар биш галт тэргээр зорчих бүрэн боломжтой санагдсан. Сайншандаар дамжаад. Иймэрхүү байдлаар тээврээ нэмэгдүүлэхгүй бол зөвхөн ачаа тээвэрлэнэ гэвэл өртөг нь өндөр гарах нь ойлгомжтой.
Тэгэхээр зам тээврийн яам замынхаа ашиглалтыг яаж сайжруулах уу гэдгээ бодож, уул уурхайн компаниудаас саналыг нь авч өөр ямар ачаа тээж болохоор байгааг судлах хэрэгтэй.
Сайншандаас говийн бүсийн уул уурхай руу газрын тос, түлш тээх зэргээр зөндөө л ажлууд байна. Энэ ачаа барааны тээвэрлэлтийн ажлыг чанартай сайн зохион байгуулж, тээвэрлэлтийн орлогоо нэмэгдүүлж ажиллахгүй бол 50 хувь хөнгөлнө гэдэг дэндүү механик. Энэ нь компанидаа сайн үр дагавар авчрахгүй.
Төрийн өмчит компани жилийн эцэст алдагдалтай гардаг, улс алдагдлыг нь нөхдөг систем руу явах гээд байна.
Төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулъя гээд хаа сайгүй зөндөө ярьж байна. Энэ асуудлаар Н.Учрал сайд ч яриад л байна. Алдагдалтай байгаа компаниуд дээр нэмээд ахиад нэг компанийг алдагдал руу түлхэж байна.
Хувийн компани байсан бол өөрсдөө зах зээлээ олж, хэний ямар барааг тээх үү гээд хайж байгаа. Тэгэхээр төмөр зам дээр энэ ажлыг л түлхүү хийх хэрэгтэй байх. Ачаа тээвэрлэлтийн асуудалд арай л хойрго удаан хандаж байна.
-Ер нь ашигтай ажиллах боломж байгаа бол уу
-Эдийн засаг сайн байвал жонш, нүүрс тээх байх. Сайншандад баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоор үнэ ханш нь боломжийн байвал говийн бүсийн уул уурхайн компаниуд тэндээс түлш шатахуунаа авна. Говийн бүсүүд руу ч тэр төмөр замаар тээвэрлэнэ. Эдгээр том төслүүд л нэмэр болно.
Түүнээс ойрын гурван жилдээ үр ашигтай ажиллана гэдэг хэцүү. Багахан хэмжээний нүүрс тээгээд дээрээс нь эдийн засаг саараад нүүрсний тээвэрлэлт буураад байвал улам л хэцүү болно.
Тэгэхээр уул уурхайн компаниудтай л сайн ярилцах хэрэгтэй. Улаанбаатар Өмнөговийн хооронд автомашинаар тээгээд байгаа ачаа барааг төмөр замаар тээх бүрэн боломжтой. Говийн бүсээр хүнд даацын автомашин явуулахгүй байх засаг даргын шийд гарсан. Энэ ажлуудтай уялдуулж хүнд даацын автомашинаар зөөгөөд байгаа ачаа барааг төмөр зам руу шилжүүлэх бүрэн бололцоо байна.
-Ачаа тээвэр жил бүр 13 хувиар багассан байна. Үнийг нь бууруулахаар ачаа тээвэр биет хэмжээгээрээ өсөөд мөнгөн дүн нь өсөх боломж байхгүй юу
-Дотоодын ачаанд бол боломжгүй. Дотоодын ачаа үүнийг нөхөх хэмжээнд хүрэхгүй. Нүүрсний орд газар руу л очиж байгаа төмөр зам учраас тээж байгаа ачаа нь ерөөсөө л нүүрс байгаа. Зам дагаад ганц хоёр жижиг жоншны уурхай байдаг. Тэр тээвэрлэлт нэмэгдэхгүй бол алдагдлыг нөхөх хэмжээний дотоодын тээвэр манайд байхгүй. Эдийн засаг саараад нүүрсний тээвэрлэлт цаашдаа бараг үр ашиггүй болоод ирвэл цаашдаа нээх удаан явахгүй. Энэ төмөр зам Тавантолгойгоос Ханги мандал руу явж байгаа. Тэгэхээр төмөр замын хилийн холболтуудаас бас хамаарна. Хилийн холболт Гашуунсухайт гурван жил, Гашуунсухайт холбосны дараа Нарийнмандал, Ханги гээд ойролцоогоор бас л гурван жилийн дараа гэсэн үг. Тэгэхээр энэ хүндрэлтэй үед ойрын гурван жил төмөр замын тээвэрлэлтийг яаж нэмэгдүүлэх үү гэдэг тусгайлсан бодлого хэрэгтэй. Хоёр жилийн өмнө манай стратеги судалгааны алба судалгаа гаргаж өгсөн. Говийн бүсийн дэд бүтцэд стратеги хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн төмөр замын асуудал биш.
Төмөр зам, авто зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийг цогцоор нь төлөвлөхгүй бол одоогийн байдлаар ямар ч уялдаагүй байна. Төлөвлөлт нь маш эмх замбараагүй явж байна. Хоорондоо уялдаагүй.
Эрдэнэс тавантолгойн байршлыг хүртэл маш буруу төлөвлөсөн. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн дэд бүтцийн уялдаа холбоо алдаатай явагдаж байна. Үүнийг эртнээс зөв төлөвлөх хэрэгтэй.
-МТЗ ТӨХК анх байгуулагдсан цагаасаа л төрөөс татаас авдаг, халаасны компани боллоо гэж хэлж болох уу
-Яг тэр талын тооцоог нь үзээгүй болохоор мэдэхгүй байна. Хөндлөн төмөр зам бариад л Сайншандаар дамжуулаад чихтэйнхэн их ачаа тээнэ гэсэн танилцуулга хийж байсан. Хойшоо урагшаа ч тээнэ гээд.
Анх төмөр зам барьж байхад танилцуулга хийсэн зам тээврийн яам, уул уурхайн яам одоо энэ асуудалдаа хариулт өгөх хэрэгтэй. Ямар учиртай энэ төмөр замыг барьсан юм. Тэр ачаа нь хаана байгаа юм гэх хариултаа одоо өгөх хэрэгтэй.
Бараг Алтанбулагаас эхэлж ачаа тээнэ гэж танилцуулж байсан. Тэр ачаа яасан бэ гэдгийг зам тээврийн яам, төслийг анх баталсан хүмүүс одоо хариулах хэрэгтэй. Зам тээврийн яамныхан л мэдэж байгаа байх. Маш их ачаа тээх хэрэгтэй учраас төмөр зам барих хэрэгтэй гэж зам бариулсан. Тэр ачаа нь хоёр гурван жилийн дараа гэнэт алга болчихно гэж баймааргүй юм.
Гэрээ хэлэлцээр байгуулаагүй зүгээр төсөөлж, энэ замаар нүүрс тээж магадгүй гэж бодож байгаад барьсан бол тэр хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй байх. Ерөнхийдөө яамдууд таамгаараа л ажил хийж байна. Таамгаар л тооцоо хийсэн байх.