Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүдийн уялдаа холбоог сайжруулах, мэдлэг мэдээллээ хуваалцах, салбарын хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд илүү олуулаа, илүү нарийвчилж “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ ХҮН” сэдэвт нөлөөллийн аяныг “ Магна-Өөд” НҮТББ санаачлан Нийслэлийн Бизнес инновацын газрын дэмжлэгтэйгээр эхлүүлж байна.
Хүнсний салбарын бүх оролцогчид талуудын дуу хоолойг нэгтгэх, үр дүнтэй хамтралыг бий болгох зорилготой “Эрүүл хүнс-Эрүүл хүн” сэдэвт нөлөөллийн аяны хүрээнд оролцогч талуудын уулзалт, өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус өдөрлөгийн үеэр НХХААГ, НЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх бөгөөд мөн бизнесийн байгууллагуудын сайн туршлагаа солилцож, төрийн байгууллагын хяналт, шалгалтын талаар мэдлэг, мэдээлэл бэлтгэн нийлүүлэлтийн хүрээнд үүсэж шинэ боломжуудын талаар чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг хийх аж.
Энэхүү үйл ажиллагааны талаар тодруулахаар Магнафлок ххк үүсгэн байгуулагч, Магна-өөд Эрүүл хүнс эрүүл хүн НҮТББ-ын хамтран үүсгэн байгууулагч Б.Баярчимэгтэй ярилцлаа.
-Юуны өмнө удахгүй болох гэж буй Эрүүл хүнс- Эрүүл хүн өдөрлөгийн зорилго, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөөч. Хоол, хүнсний салбарынхан цуглаж, мэдээлэл солилцох нь гэж ойлгож болох уу ?
-Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын чанар, аюулгүй байдлын асуудал нь Монгол хүний эрүүл мэнд, эдийн засгийн чадамжинд шууд нөлөөлж буй тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд уг асуудлын шийдлийг олохын тулд төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэгчид, ажиллах хүчний асуудал гэх мэт бүхий л оролцогч талуудын хүрээнд хамтарч хэлэлцэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, мэдлэгээ солилцох хамтдаа шийдэлд хүрэх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Иймд манай байгууллагын зүгээс салбарын бүх оролцогчид талуудын дуу хоолойг нэгтгэх, үр дүнтэй хамтралыг бий болгох зорилгоор “Магна-Өөд” ТББ-ийг байгуулан “Эрүүл хүнс-Эрүүл хүн” сэдэвт хүнсний чанар, аюулгүй байдлын нээлтийн өдөрлөгийг энэ 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газар төрийн байгууллагуудын төлөөлөл салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, бизнесийн байгууллагуудын сайн туршлага, бэлтгэн нийлүүлэлтийн хүрээнд үүсэж шинэ боломжуудын талаар танилцуулга хийнэ.
Хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хэн бүхэн энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм.
-Ямар асуудлуудын талаар илүү хөндөж ярилцах бол ? Зохион байгуулагчдын хувьд ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Энэ эвэнт анх удаа болж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс өөрсдийн санхүүжилтээр бие дааж хийж байгаа юм. Манай салбарынхан энэхүү эвэнтийн дараа хоорондоо илүү холбоотой ажиллаж, ждү, бизнес эрхлэгчид маань хүнсний чанар, аюулгүй байдлын сайн туршлагыг нэвтрүүлсэн газруудаас арга зүй, туршлага судлаж, мэдээлэл солилцож ажиллаасай гэсэн зорилго байна.
Эвэнтэд оролцож буй илтгэгчдийн хувьд чанарыг илүү чухалчилж чадна гэсэн компаниудын төлөөлөл, энэ салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг сонгосон.
Миний хувьд хүнс, хоол үйлдвэрлэл, зочид буудал гэсэн салбаруудад 13 жил ажиллаж байгаа. Яг дотор нь ажиллаад явахаар олон асуудлууд тулгардаг. Манай салбарт, мэргэжилтнүүдийн хувьд ч бодлогын хувьд нэг ойлголцолд хүрч чадахгүй байгаа санагддаг. Тиймээс ч энэхүү эвэнтийг санаачлан зохион байгуулж байгаа. Анх удаа зохиогдож байгаа учраас эхлээд хоол үйлдвэрлэл, хүнс үйлдвэрлэлийн сайн туршлагыг илүү ярья, хуваалцья. Цаашид салбарын мэргэжилтнүүд уулзаад болохгүй байгаа, тулгамдсан асуудлуудаа ярилцаж, шийдлийг хамтарч олох юмсан гэсэн зорилготой байна. Бид салбарын мэргэжилтнүүдтэй өмнө нь нилээн уулзаж ярилцаж үзсэн. Тус тусдаа асуудлууд ярьдаг. Харин энэ үйл ажиллагааны дараа илүү их мэдээлэл солилцоод, дараа дараагийн ажлуудыг илүү олуулаа, нэгдсэн байдлаар ажиллах боломж үүсэх байх. Нэг нэгнийхээ мэдлэг, давуу тал сайн туршлагыг харилцан солилцож хуваалцая гэсэн зорилго байна.
-Манайд хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарт хичнээн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг юм бол?
- Мах, сүү, ундаа, ус зэрэг хүнсний үйлдвэрлэл чиглэлээр нийтдээ 5700 үйлдвэр байгаа. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг буюу цэцэрлэг, сургууль, уул уурхайн ажилчдын хоолны газар, ресторан, зоогийн газар гэх зэрэг 22 000 аж ахуйн нэгж байна. Энэ салбар хүний нөөцийн эргэлт ихтэй салбар. Энэ талаар туршлагатай хүний нөөцийн мэргэжилтэн илтгэл тавина. Хүний нөөцийн тухайд тулгамдаж байгаа олон асуудал байна. Тухайлбал, эрүүл мэндийн цагаан дэвтэр. Өнөөдөр цагийн ажилтан олдохгүй яаралтай хүн дуудаад ажиллуулья гэхэд ямар нэгэн халдварт өвчтэй байгаад хэн нэгнийг өвчлүүлэх эрсдэл өндөр байдаг.
Энэ мэтчилэн ярилцаж шийдлээ хамтран олох нь чухал юм. Салбарын мэргэжилтнүүд ч гэсэн би л мэддэг гээд суух биш бусаддаа мэдлэгээсээ хуваалцаасай гэж хүсч байгаа юм.
-Салбарын яамд, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ? Уулзалтаас гарсан санал, үр дүнг бодитой ажил болгох тал дээр хэрхэн ажиллах бол?
-Энэхүү үйл ажиллагаанд оролцуулах хүсэлтээ Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн байгаа. Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөл илтгэгчээр оролцоно. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв маш сайн хамтран ажиллаж байна. Нийслэлийн Бизнес, инноваци хөгжлийн газар энэхүү үйл ажиллагааг бүх талаар бүрэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. Мөн Хүнсчдийн холбоо ,Тогооч нарын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд дэмжиж оролцож байгаа.
Манай байгууллагын вэбсайт дээр тус эвэнтээс гарсан мэдээлэл, үр дүнгээ хуваалцана. Та бүхэн орж үзээрэй. Мөн эвэнтээс гарсан үр дүн, шийдлүүдийг зөвлөмж болгож, холбогдох яам, байгууллагууд руу хүргүүлнэ.
-Таны хувьд манайд хоол хүнсний үйлдвэрлэл, технологийн хувьд ямар түвшинд байгаа гэж хардаг вэ?
-Хүнс үйлдвэрлэл тал дээр манайхан маш сайжирч байна. Чанарын хувьд өндөр түвшинд болж байгаа. Тухайлбал АПУ компани гэхэд шингэн хүнс буюу ус, ундаа, архи, пиво үйлдвэрлэлээрээ азидаа тэргүүлдэг гэж болно. Энэ туршлагаас манай бусад үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд суралцаасай гэсэн үүднээс Хүнсний чанарын соёлыг түгээх гэдэг сэдвээр АПУ ХК-ийн Чанарын удирдлагын албаны дарга Г.Ганчимэг илтгэл тавих юм.
Харин хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд илүү анхаарах, ахиулах, хурдацтай сайжрах, мэдлэг мэдээллээ сайжруулах шаардлагатай байгаа.
-Энэ салбарын хувьд мэргэжилтнүүд, боловсон хүчний мэдлэг чадвар, сургалтын чанар ямар байгаа вэ? Сүүлийн үед хүссэн бүхэн хоол зүйч болоод зөвлөгөө яриад байгаа харагдах юм.
-Хоол бол эрүүл мэнд суурьтай олон мэдлэгийг шаарддаг. Сүүлийн үед энэ салбар руу дуртай хүмүүс нь орж, бусдад заагаад байгаа харагддаг. Уг нь мэргэжлийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс нь л ярих шаардлагатай байгаа юм.
Эмч ч хоол яриад, нэг турсан хүн ч хоол заагаад, тогооч ч яриад байж болохгүй.
Мэргэжлийн ялгааг манайхан ойлгох хэрэгтэй. Хоол зүйч, технологич нь, эрүүл ахуйч нь юу хийх вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд салбар дотроо ярилцаж шийдлүүдэд хүрэх хэрэгтэй байна. Энэ асуудлаар доктор, дэд профессор М.Пүрэвжав багш маань болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор, профессор С.Өнөрсайхан нар илтгэл тавина.
Хүнсний технологичийн хувьд манайд энэ мэргэжлийн талаар залуучуудад сурталчлах, мэдүүлэх шаардлагатай байгаа. Нөгөө талаар энэ мэргэжил цалингийн үнэлгээ багатай учраас мэргэжлээрээ ажиллах нь ховор байгаа нь харамсалтай. Ковидын дараа олон хүмүүс энэ мэргэжлээ сольж, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэл руу хөрвөн ажиллаж байгаа харагдсан. Тэгэхээр энэ бүх асуудлыг цогцоор нь хөндөж ярих цаг нь болсон байна.
-Энэ жилийн Хакатон-2025 тэмцээн хүнс , хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зохион байгуулагдсан. Амжилттай оролцсон багууд танай үйл ажиллагаанд оролцох юм байна.
-Тиймээ. Бид уялдаа холбоотой ажиллаж байгаа. Оюутан, залуучуудынхаа хийж хэрэгжүүлж, дэвшүүлж байгаа санаа, шийдэл, судалгаа, дуу хоолойг сонсож хамтран ажиллах болно. Залуус илүү технологи суурьтай , өнөөдрийн нөхцөл байдлыг илүү хялбарчлах, ухаалгаар шийдэх өвөрмөц сонирхолтой шийдлүүд санал болгоно гэж харж байгаа. Хакатон-2025 тэмцээний шалгарсан багууд нь энэхүү Эрүүл хүнс- Эрүүл хүн эвэнтэд оролцож, илтгэл танилцуулна.