Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгодог 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгох шаардлагатай хэмээн дуугарсан Д.Үүрийнтуяа гишүүн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн ахлагчаар томилогдон ажиллаж буй.
Хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ асарч байгаа ээж, аавд олгодог, ганц уут памперсний үнэд хүрэхтэй, үгүйтэй энэ тэтгэмжийг “Цалинтай ээж” хэмээн албан ёсоор нэрийдсэн нь шоглоом гэмээр.
Энэ төрлийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Д.Үүрийнтуяа анх хөндөж байгаа ч юм биш, өмнө нь энэ талаар дуугарч байсан УИХ-ын гишүүд бий. Иргэд ч энэ талаар байр сууриа илэрхийлдэг. Нөгөө талдаа уг тэтгэмжийг нэмэгдүүлэх нь халамжийг хавтгайруулах нэг хэлбэр болно, мөн үр хүүхдээ өсгөх чадваргүй эмзэг бүлгийнхэн мөнгийг нь авахын тулд замбараагүй хүүхэд төрүүлнэ гэх шүүмжлэл бас дагуулдаг. Энэ удаа эдийн засагчид ч мөн зөрүүтэй байр суурь илэрхийлж байна.
Л.Оюун: Хүн амын нөхөн үржихүйг дэмжсэн бодлого мөн
Тухайлбал, шинжлэх ухааны доктор, эдийн засагч Л.Оюунаас байр суурийг нь тодруулахад “Хүүхдээ асарч байгаа эх, эцэгт олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хүн амын нөхөн үржихүйг дэмжсэн шийдвэр болж чадна. 500 мянгаас ч илүүг олгох хэрэгтэй. Гэхдээ энэ тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хангалтгүй. Бүхий л талаар хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бий болгох ёстой. Монголд хүүхэд өсгөх маш хүнд ажил болсон. Хүүхэд төрүүлэх нь нэг ёсны торгууль болоод байна.” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Д.Амгалан: Халамжийн мөнгө нь тухайн асуудлаа шийдэж чаддаггүй
Харин эдийн засагч Д.Амгалан “Аливаа халамжийн зорилготой олгож буй мөнгө нь тухайн асуудлаа шийдэж чаддаггүй, үр өгөөжөө өгдөггүй, дээр нь төсөвт болон тодорхой санд дарамт болдог. Хэрэв үнэхээр өгье гэж бодож байгаа бол 0-1 насны хүүхдийн хэрэгцээ шаардлага нь юу байх вэ гэдгийг судалж, түүнд үндэслэсэн байдлаар санхүүжилт олгох ёстой. Нөгөөтэйгүүр, тухайн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж төсөвт бий эсэх, хаанаас санхүүжүүлэх боломжтой вэ гэдгийг судалж байгаад энэ хоёрын огтлолцол дээр энэ асуудлыг шийдэх ёстой. Цалин, тэтгэвэр нэмэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг шиг энэ тэтгэмжийг нэмэхэд юмны үнэ нэмэгдэнэ. Түүнийгээ зохицуулж чадах уу гэдэг асуудал бас байна” хэмээн сөрөг байр суурь илэрхийлэв.
Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж зүгээр ч нэг хэлээгүй
Нийгэм солигдож, хүн ам бараг бүгдээрээ ажилгүйчүүдийн эгнээнд шилжих үед төрөлт эрс буурсныг статистик харуулдаг. ХХНХЯ-аас 1990 оноос 2000 он хүртэл 200 мянга, 2005 он хүртэл 300 мянган хүүхэд төрөх байсан боломж алдагдсан гэж тооцоолсон байна. Хэрвээ тэр хүүхдүүд төрсөн бол өнөөдөр 20-35 насны 200-300 мянган залуучууд ажлын байранд гарч, нийгмийн даатгалын санг зузаатгахад багагүй хувь нэмэр оруулах байж.
2024 оны байдлаар дээрх тэтгэмжид гурав хүртэлх насны хүүхэдтэй 200 мянга гаруй эх, эцэг хамрагдаж, 120 тэрбум орчим төгрөг зарцуулсан байна. Д.Үүрийнтуяа гишүүний тухайд, нэг хүртэлх насны хүүхэдтэй ээж, аавуудыг 500 мянган төгрөгөөр урамшуулах санал гаргасан.
Сүүлийн 10 жилийн статистикыг авч үзэхэд, төрөлтийн тоо жилээс жилд буурсаар байна. Тухайлбал, 2015 онд 82,130 хүүхэд шинээр мэндэлсэн бол 2024 онд 59,644 хүүхэд төржээ.
Эдгээр хүүхдийн эцэг эхэд нэг жилийн турш зургаан сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тооцвол, 360 тэрбум төгрөг болно. 2024 оныхоос гурав дахин үржигдэх бөгөөд энэ нь улсын төсвийн зардлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх ч гэлээ урт хугацаанд өгөх эдийн засгийн үр өгөөж үүнээс хавьгүй их юм.
Тодруулбал, хүүхэд төрсөн цагаасаа эхлээд гэр бүлийнхээ зардлыг өсгөх ч гэлээ нөгөөтэйгүүр өлгий, живх, хуурай сүү гэх мэт өөрийн хэрэгцээний худалдан авалтаараа улсынхаа эдийн засгийг байнга дэмжиж байдаг. Насанд хүрээд 20-40 жил ажил хийж, улсад татвар төлнө. Дунджаар 30 жил гэж тооцьё. 2024 оны дөрөв дүгээр улирлын байдлаар улсын дундаж цалин 2,672 сая төгрөг байна. Тэгвэл 2,5 сая төгрөгийн цалингаар тооцоход, ажилтан өөрийн цалингаас 500 мянган төгрөгийг Нийгмийн даатгалын шимтгэл болон Хүн амын орлогын албан татварт төлдөг. Ажил олгогч 300 мянган төгрөг нэмж зарцуулдаг. Тэгэхээр ийм цалинтай хүн сар бүр 800 мянга, жилд 9,6 сая төгрөгийг НДШ болон татвар хэлбэрээр улсын төсвийг бүрдүүлэхэд өгдөг байх нь. Үүнийг 30 жилээр үржүүлбэл 288 сая төгрөг болох нь ээ.
Тэгэхээр өнөөдөр төсвөөс зарцуулах зургаан сая төгрөг ирээдүйд багадаа 50 дахин үржигдэн, улсын төсөвт орж, ахмадуудын тэтгэврээс эхлээд бусад халамж, тэтгэмжийг бүрдүүлэлцэнэ гэсэн үг. Монголчууд хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж зүгээр ч нэг хэлээгүй байх нь.
Өмнөө 1.4 тэрбум, хойноо 140 гаруй сая хүн ам бүхий хоёр том гүрэнтэй хиллэдэг монголчуудын тухайд хүний олонд уусан, үндэстэн маань бүдгэрэх вий гэсэн айдастай, ихэнх хүний тухайд айдас нь үзэн ядалт болж хувирсан байдаг. Тэгэхээр хүн амын тоо өсөх нь эдийн засгийг тэлэхээс гадна үндэсний дархлааг ч нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж болох юм.