Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.03.26 23:15
1065
Америкт хүүхдээ асардаг ээжүүд жилд 140,315 доллараар үнэлэгдэх ажил хийдэг гэж тооцжээ

Бага насны хүүхдээ асрахаар гэртээ сууж байгаа ээжүүд бусдын нүдэнд ажилгүй, амарч байгаа мэт харагддаг байж болох ч үнэн хэрэгтээ тэд асар их ачаалалтайгаар өдрийг бардаг. Өглөө босмогцоо гэр бүлийнхнийхээ ундыг бэлтгэхээс эхлээд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах, тэр хооронд гэр орноо цэвэрлэх, гэрт үлдсэн хүүхдээ тойглох, оройны хоолоо хийх гээд өдөр бүр нэгэн хэвийн мөртлөө дуусдаггүй, заримдаа залхмаар санагддаг их ажил ар араасаа ундардаг. Албан ёсны ажил хийж байгаа нөхрүүд бол ядаж амралтын өдрүүдтэй. Харин ээжүүдэд амралтын өдөр гэж байдаггүй.

Хэдэн жилийн өмнө нэг монгол залуу эхнэрийнхээ ажлыг үнэлж, сард 2 сая төгрөгийн цалин авах боломжтой ажил гэж тооцсон нь олон нийтийн сүлжээгээр нэлээд “сэвэгдэж” байсан удаатай.

Тэгвэл америкчууд ч бас гэрт суугаа эмэгтэй хүний хөдөлмөрийг тодорхой аргачлалаар тооцож үнэлжээ. Тодруулбал, энэ оны эхээр Insure.com сайтаас ээжүүд жилд 140,315 ам.доллараар үнэлэгдэх ажил хийж байна хэмээн мэдэгдсэн байна. Ингэхдээ зах зээлийн бодит үнэ, хэмжүүрийг ашиглажээ.

Тухайлбал, тогоочийн цагийн хөлсийг тодорхойлж, дараа нь энэ тоог ээжүүдийн хоол хийхэд зарцуулсан цагаар үржүүлсэн байна. BLS-ийн мэдээлснээр тогооч нар нэг цагт 16.31 доллар олдог. Энэ ханшаар тооцож үзэхэд, ээжүүд хоол хийхэд өдөрт хоёр цаг зарцуулдаг бөгөөд бүтэн жил буюу 52 долоо хоногийн турш зөвхөн “тогооч”-ийн ажил нь гэхэд л 11,874 ам.доллараар үнэлэгдэнэ гэж тооцоолсон байна. Энэ мэтээр гэр цэвэрлэхээс эхлээд хүүхдүүддээ багшлах гээд бүхий л ажлыг хөдөлмөрийн зах зээл дэх ханшаар бодон, тэдгээрт зарцуулдаг цагаар нь үржүүлж нэгтгэснээр ээжүүд хийдэг бүх ажлынхаа төлөө жилд 140 мянган ам.доллар авах боломжтой гэж үнэлжээ.

Америкийн 50 мужид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөр өөр байдаг ч хамгийн сүүлд шинэчлэн тогтоосноор нэг цагийн хөлсний доод хэмжээ 18 ам.доллар орчим байгаа. Энэ үнэлгээгээр тооцоход тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэд жилд 37,440 ам.доллараас дээш цалин авч байгаа аж. Тэгэхээр ээжүүдийн хөдөлмөрийг нэлээд өндөр буюу IT чиглэлийн инженерүүдтэй ойролцоо үнэлсэн байгаа юм.

“Girls Who Code” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Решма Саужани 2020 онд өөрийн эрхлэн гаргадаг “The Hill” сэтгүүлдээ ээжүүдийн өдөр бүр хийдэг ажлыг хүүхэд асрагчийн цалинтай дүйцүүлэн бодож, сард  2400 долларын тэтгэмж авах боломжтой гэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэл бичиж байсан. Тэрээр мөн тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Жое Байденд хандан, энэ санаачилгыг нь хэрэгжүүлэхийг уриалж байжээ.

Хэдийгээр Байден хэрэгжүүлээгүй ч Саужанигийн санаачилга нь ээжүүдийн нэргүй хэрнээ цаг наргүй хөдөлмөрийг үнэлдэггүй олон нийтийн хандлага, харах өнцгийг өөрчлөхөд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдэг.   

"Sex Roles" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд ээжүүд гэр бүлийнхээ өмнө хүлээдэг үүргээсээ болоод албан тушаал ахихаас татгалзаж, ажлын цагаа багасгах эсвэл ажлаа бүрмөсөн орхих шийдвэр гаргах нь аавуудаас хоёр дахин их байдаг гэжээ. 

Ийнхүү ээжүүдийн гэртээ хийдэг, үл үзэгдэх хөдөлмөрийг зах зээлийн ханшаар үнэлж тооцвол улс орон бүрд харилцан адилгүй дүн гарах ч эцсийн дүндээ нэлээд өндөр үнэлгээтэй ажил гэж тооцож болох дүр зураг харагдаж байгаа юм.