Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.03.27 13:36
912
Ц.Баярмаа: Гадагшаа чиглэсэн ажиллах хүчний урсгалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хөдөлмөрийн хөлс болж байна

Сүүлийн жилүүдэд монгол залуус гадны орныг зорьж ажиллаж, амьдрах болсноор манай улсад ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл өндөр болсон. Тиймээс ГБХНХЯ-ны өдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаатай тус асуудлын талаар цөөн хором ярилцлаа. 

-Хөдөлмөрийн насны залуусын хэдэн хувь нь БНСУ улс ч юм уу гадаадад хөдөлмөр эрхэлж байна вэ? Залуус яагаад гадны орныг илүү их зорьж ажиллаж, амьдрах болсон талаар хийгдсэн судалгаа байгаа юу?

-Тусгайлсан судалгаанууд хийгдэж байгаа. Яамны зүгээс 2024 онд Монгол Улсын дунд хугацааны хөдөлмөр эрхлэлтийн таамаглалын судалгааг хийсэн. Гадагшаа чиглэсэн ажиллах хүчний урсгалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хөдөлмөрийн хөлс болж байна. Мөн амьдрах орчны таатай нөхцөл байдал ч гэсэн нөлөөлж байгаа. ГБХНХЯ-ны зүгээс ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хуульд зааснаар БНСУ болон Япон улсын засгийн газар хооронд санамж бичиг байгуулж ажиллах хүч илгээх ажлыг зохион байгуулж байгаа. Солонгос улс руу тухайн улсаас тогтоож өгсөн квот хэмжээнд тааруулж ажиллах хүчийг илгээдэг.

Манай улсын 200 мянга орчим иргэн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа гэх албан бус тоон мэдээлэл байдаг. Эдгээрээс 50 гаруй мянга нь солонгос улсад ажиллаж, амьдардаг. Үүний 30 орчим мянган иргэн нь хууль ёсоор оршин суудаг гэх тоон мэдээлэл байгаа.

Тоон мэдээллүүдийн ард яагаад энэ хүмүүс яваад байна вэ гэдэгт тусгайлан хийгдсэн төрөлжсөн судалгааг цаашид хийж сайжруулах шаардлагатай. Тиймээс засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хилийн чанадад амьдарч байгаа монгол иргэдтэй холбоотой судалгаа хийх, эх оронд нь эргэн ирүүлэх ямар дэмжлэг тусалцаа шаардлагатай байгаа дээр томоохон бодлогын зорилтууд дэвшүүлэгдэж, ажлууд төлөвлөгдөж хийгдэж байна.

-Хөдөлмөрийн насны залуус гадны орныг их зорьж, ажиллах хүчний хосдол үүсэж байгаа талаар сүүлийн үед их яригдаж боллоо. Энэ асуудалд яамны зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Ажиллах хүчний хомсдолын асуудал маш их яригдаж байна. Тоон болон чанарын талаасаа яригдах байх. Тоон талаасаа ажиллах хүчинд хэдий хэмжээний ажиллах хүчний нөөц байгаа юм. Чанарын талаасаа хэрэгцээтэй байгаа ажлын байранд нийлүүлэгдэж байгаа мэргэжлийн нийцлүүд, ур чадвар, хөдөлмөрийн нийцлийн асуудлууд зэрэг олон зүйл яригдана. Яамны зүгээс хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулж боловсронгуй болгох чиглэлээр томоохон ажлуудыг эхлүүлсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байна. Найруулгын төсөл хийгдэж байгаа гэсэн үг. Гол хийгдэж байгаа бодлогын шинэчлэлийн зорилт нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ дэмжлэг шаардлагатай иргэдэд өөрийн гэсэн онцлог хэрэгцээ, кейс байгаа эсэхийг судалж, үйлчилгээ явуулж байх өөрчлөлт хийхийг зорьж байна.

Тухайн ажилгүй байгаа иргэн магадгүй өөрийн нөхцөл байдлаас болж ажилгүй байна уу эсвэл нийгмийн хүчин зүйлээс болж ажилгүй байгаа юу гэх шалтгааныг нь тодорхойлж, шалтгаанд нь нийцсэн бодлогыг хэрэгжүүлэх, иж бүрэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага байгаа. Ийм хэрэгцээ байгаа учраас хууль эрх зүйн орчинд энэхүү шинэчлэлийг тусгасан.

Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нэг салбар дангаараа хариуцах нь хангалттай биш. Тийм учраас хөдөлмөр эрхлэлтийн байдлыг илүү макро түвшинд олон талын салбарын оролцоог хангаж, салбар бүрийг хүний нөөцийн бодлогод уялдуулах шаардлага байгаа. Тийм учраас хууль эрх зүйн орчинд ч тус асуудлыг тусгаж ажиллаж байна.

Ялангуяа хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй, идэвхгүй бүлгүүд их байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх чиглэл руу халамжаас хөдөлмөрт гэсэн шилжих бодлогыг илүү бодитой хэрэгжүүлэх ажил хийгдэж байгаа.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ буюу суурь үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох асуудал анхаарлын төвд орж байна. Цаашид үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд зөвхөн төрийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй хувийн хэвшлийн ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай түншлэх байдлаар үйлчилгээг хүртээмжтэй болгох ажлууд хийгдэнэ.

-Гадны оронд ажиллаж байгаа залуусын эрх зөрчигдөх асуудал их гардаг. Дарга нар нь зүй бус харьцах, биед нь халдах эсвэл солонгосын хил дээрээс буцаах зэрэг тохиолдлууд гардаг.

-Манай яамны зүгээс гадаадаас ажиллах хүч авахдаа, гадаадад монгол иргэдийг илгээхдээ ч хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрлөх эрхийг хангасан байх ёстой гэдгийг гол суурь зарчим болгож ажилладаг. Тэгэхээр явж байгаа иргэдийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрлөх эрхийг нь хангасан хөдөлмөрлөх нөхцөл байдлыг нь дордуулахгүй байх агуулгыг заавал зааж өгсөн байдаг.

Хил дээрээс буцах гэдэг нь зөвхөн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудал биш арай илүү өргөн хүрээг хамарсан асуудал. Мэдээж тухайн улсын хил хяналтын байгууллагын зүгээс ямар нэгэн шалтгаан байгаа учраас буцааж байгаа. Яамны зүгээс хөдөлмөр эрхлэх, харилцаанд ороод явж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг нь хангах, энэ эрхүүд нь хангагдсан нөхцөлд л илгээж байгаа.

БНСУ-д манай яамны харьяа нэг цэгийн байгууллага байдаг. Энэ үйлчилгээний байгууллагаараа дамжуулаад хөдөлмөрийн гэрээний асуудал хөндөгдсөн эсвэл үйлдвэрлэлийн осолд өртсөн ямар нэгэн асуудалд орсон гэрээт ажилчидтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг.

-Залуусын дунд 1 зүйл нийтлэг тохиолдоод байна. Мэргэжлээрээ төгсөөд дипломтой ажлаа хийх гэхээр цалин нь бага. Жишээ татвал, зөөгч ч юм уу бусад газрын цалин өндөр байгаад 21 хоног амраад 21 хоног ажилладаг пс тоглоомын админ сарын 2 сая төгрөгийн цалин авч байна. Тэгэхээр тэр хүн сурсан мэргэжлээ хаях тохиолдол их гарч байна. Ингэснээр мэргэжилтэй боловсон хүчин дутагдах, залуус энэ төрлийн цагийн ажил хийгээд явах сонирхолтой болох нөхцөл байдал үүсээд байдаг. Тэгэхээр залуусын цалин урамшууллын асуудал дээр ямар бодлого барьж ажиллахаар байгаа вэ

-Залуус яагаад хөдөлмөр эрхлэхгүй байна вэ. Яагаад ажиллаж чадахгүй байна вэ. Хөдөлмөрийн хандлага, төлөвшил нь сул ялгаатай байна вэ гэдэгт маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Цалин хөлс нэг хөшүүрэг нь юм. Залуус гэлтгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд  өндөр цалин хөлс маш чухал асуудал байдаг. Гадаад руу шилжиж байгаа ажиллах хүчний шилжилт дээр гол нөлөө үзүүлж байгаа зүйл нь хөдөлмөрийн хөлсний үнэлгээтэй холбоотой асуудал байдаг. Яамны зүгээс цалин хөлсийг цаашид эдийн засагтай нь нийцүүлж тасралтгүй нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Мөн мэргэжлээрээ ажиллах, ажиллахгүйтэй холбоотой асуудал нь маш чухал асуудлын нэг болж байна.

Эрэлт талаасаа байгалийн шинжлэх ухаан ч юм уу эсвэл инженер техникийн шинжлэх ухаан, эсвэл энгийн ажил мэргэжлийн түвшинд эрэлт байхад нийлүүлэлт талаасаа бэлтгэгдэж гарч байгаа боловсон хүчин нь бизнес эдийн засгийн чиглэлээр бэлтгэгдэж байгаа учир хөгжлийн зөрүүний асуудал үүсэж байгаа.

Жишээ нь, 2024 онд хийгдсэн судалгаан дээр нийт их дээд сургууль төгсөж байгаа залуусын 53 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй, мэргэжлийн бус ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс гадна мэргэжлээрээ ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллахгүй байгаа залуусын дунд ч цалингийн хувьд 10 гаруй хувийн зөрүү байна гэх судалгаа гарч байсан.

Тэгэхээр мэргэжлийн ажил хөдөлмөр эрхлэлт эсвэл залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь зөвхөн цалин хөлсөөр хязгаарлагдахгүй, мэргэжлийн нийцлийг хангах, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хангах зэрэг олон талын макро түвшний бодлогуудаас хамааралтай. Тиймээс хууль эрх зүйн орчны шинэчлэл дээр тус асуудлыг тусгаад, аль болох гарц гаргалгаа гарах тал дээр ажиллаж байна.