Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.03.27 13:58
1193
Гашуунсухайт-Ганцмодны боомтын эргэн тойронд хэн юу хэлэв

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2025.03.27/-ийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсад Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан. Тэр өдрөөс хойш хойш эхэлсэн дажинг зогсоохоор өнөөдөр хоёр улсын хоорондох гэрээг соёрхон батлах гэж байна. Ийм өдөр ирдэг юм байна.” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарт хандан асуулт тавьлаа.

Хятадын тал Тавантолгойд лиценз, хувь эзэмшихгүй,

аливаа хохирол, алдагдлыг ирээдүйд нэхэмжлэхгүй гэв

Л.Мөнхбаясгалан: “Таван толгой”-г бүтэн зуун жилээр хятадын компанид өгөх гэж оролдсон. УИХ дээр тогтоол гаргаж, 40 гишүүн үүнийг унагасан. 36 гишүүн эх орон, Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилласан. Дээрээс нь хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан. Одоо харин Монгол Улсын хуулийн дагуу өргөн цариг тавих юм байна. Хил холболтын зардлыг хятадын тал даах юм байна. “Таван толгой”-н хувь эзэмшил рүү дахиж орохгүй юм байна. Олборлолт явуулахгүй юм байна. Жилд 20 сая т нүүрс авах юм байна гэж ойлгож байна. Энэ зөв үү, Ц.Туваан сайд аа?

Ц.Туваан: 58 дугаар тогтоолын хүрээнд 12 заалттай хэлэлцээр батлах үндсэн чиглэлийг баталж өгсний дотор сая таны ярьсан тодорхой асуудлуудыг тусгаж өгсөн байгаа. Тухайлбал, нэгдүгээр заалтад хоёр улсын Засгийн газрын хооронд төрийн дээд түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх гэсэн заалт бий. Үүнийг Засгийн газрууд хоорондоо дундын зуучлагчгүйгээр хэргжүүлнэ гэж ойлгож болно.

Гэрээний гурав дугаар заалтад, Монгол-Хятадын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” компаний хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шижлүүлэхгүй гэж тодорхой зааж өгсөн.

Мөн протоколын 4.3-т  Хятадын тал “Таван толгой” ордод лиценз, хув эзэмшихгүй гэсэн заалт тусгасан.

Олборлолтын тухайд эхний 2025-2027 онд тус бүр 5 сая тн, 2028-2029 онд тус бүр 6 сая тн, 2030 оноос жилийн 20 сая тн нүүрс олборлох, худалдах, худалдан авах гэрээг оруулж өгсөн.

Царигийн асуудал дээр монгол-хятадын хил, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахиж үүсэхгүй байх гэж 6 дугаар заатад тус тус тусгаж өгсөн.

Хэлэлцээрийн ес дүгээр заалтад хоёр улсын хооронд баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж, өнгөрсөн хугацаанд БНХАУын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холбоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг ирээдүйд нэхэмжлэхгүй байх гэсэн заалт оруулж өгсөн байгаа.  

Албан ёсны гэрээний эх хувь манайд байдаггүй учраас эрүүгийн хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа гэв

Л.Мөнхбаясгалан: ”2014 оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, Засгийн газар болон “Энержи ресурс” ХХК нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эдэнэ болон гурван намын хамтарсан Засгийн газрын төлөөлөл очиж байж, гэрээний хятад хэл дээрх хувийг олж авчирсан. Энэ гэрээг олон нийтэд ил болгомоор байна.

О.Алтангэрэл сайдаас шударга ёсыг нэхэмжилж байна. 15 жилийн дотор 80 гаруй хүн ажил, амьдрал, нэр төрөөрөө хохирсон, цагаатгахгүй юм уу? Дээрээс нь энэ бүгдийг зохион байгуулсан Ц.Элбэгдорж, оролцсон Ч.Сайханбилэг, “Энержи ресурс” ХХК-д хариуцлага тооцохгүй юм уу? Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ бүгд яг ийм технологиор хийгдсэн. Бид яриад л байдаг, ямар ч хариуцлага тооцсонгүй.

О.Алтангэрэл: Хариуцлагын асуудал яригдаж байна. Эрүүгийн, захиргааны гээд олон янзын хариуцлага бий. Энэ асуудал дээр эрүүгийн хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа юм. 

Бүхэл бүтэн стратегийн ордтой холбоотой байгуулсан гэх гэрээний албан ёсны эх хувь манай төрд байдаггүй. Айлын хүмүүстэй асуудал ярихаар түрүүнд нь төрийн өндөр албан тушаалтнууд гарын үсэг зурчихсан, бидэнд байхгүй гэрээ гаргаж ирдэг. Ийм байж болохгүй ээ. Өнгөрсөн хугацаанд хууль зөрчсөн байж болзошгүй, ард түмний эзэмших ёстой баялагтай холбоотой буруу шийдвэр гаргасан байж болзошгүй энэ асуудлыг цэгцлэх ёстой.

Хэн нэгнийг буруутгах бас зөвтгөхийг хүсэхгүй байна, түүх шүүнэ гэв

Л.Мөнхбаясгалан: С.Баяр гэж шүүхээс авлигын хэргээр ял сонсоод, хөрөнгөө хураалгаж, ялаа эдэлсэн хүн дуртай үедээ Монгол Улсын эсрэг геополитикын бодлогуудыг хамаагүй ярьж байна. Одоо тэр хүнийг тусгай эрхэт элчин сайдаар томилох уу, Ерөнхий сайд аа?

М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж гээд Монголыг 15 жил хохироогоод эх орноосоо зугтаагаад явчихсан, өмнөд хөрштэйгээ үл ойлголцох алхмуудыг хийсэн, хоёр орны Засгийн газрын хооронд хувийн компаниар зуучлуулж, дөрвөн янзын гэрээ оруулж ирдэг, хятад хэл дээр үйлдүүлдэг, монгол хэл дээр байсан хувийг устгуулдаг, төрөөс том, дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг дохио зангаагаар хөдөлгөдөг энэ хүмүүст харуицлага тооцохгүй юм уу?

Л.Оюун-Эрдэнэ: Том зургаараа Монгол Улс 70 жилийн дараа хоёр дахь том боомт буюу Гашуунсухайт-Ганцмодны боомтын асуудлыг баталж байна.

Тиймээс би хэнийг ч буруутгах бас зөвтгөх өнцгөөс харахыг хүсэхгүй байна. Олон хэлэлцүүлэг өрнөлөө. Түүх шүүнэ. Энэ ажил анх 2003 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлээд, 2014 оны 8 дугаар сард хоёр улсын төрийн тэргүүн тохиролцсонос хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Дараа дараагийн том боомтуудаа мэтгэлцэн хэлэлцэж байгаад явуулах нь зүйтэй.

Таван толгойн асуудлыг бид оруулж ирнэ. Цаасан дээр л тулгуурлаж ярих нь хамгийн зөв. Засгийн газар цааснуудыг бэлтгэж байгаа. Бэлэн болохоор УИХ-ын гишүүдэд тарааж өгнө. Та бүхэн тэдгээр цаастай танилцаад өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийгээрэй. Тэгээд хэдүүлээ хамтдаа шүүн хэлэлцэх цаг удахгүй ирнэ гэв.

Ийнхүү өргөн, нарийн царигийн маргаан, нүүрсний олборлолт, хувь эзэмшил гэх мэт төмөр замыг тойрч олон жил өрнөсөн ээдрээтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Засгийн газрын гишүүд тодорхой хариулт өглөө. Олон жил гацсан, олон ч сорилттой тулгарсан төмөр замын бүтээн байгуулалт ийнхүү УИХ-аар албажсанаар урагшлах нь дамжиггүй. Энэ нь дараагийн том төслүүд хөдлөхөд түлхэц болж өгөх биз ээ.