Орос, Украйны дайн эхлэх үед нэгэн монгол залуу Л.Дагвадорж, Х.Сэргэлэн нарын “Дэлхий минь, хүмүүс минь” хэмээх дууг дуулан, дайны хөл нэрвэгдсэн хоёр орны ард түмэн, цэрэг эрсийн дүрсээр дүрсжүүлэн олон нийтийн сүлжээнд цацсан нь монголчуудын зүрх, сэтгэлийг уясал, харууслаар сүлж байсныг уншигч Та санаж байгаа байх. “Украйнд гацсан монгол залуу” хэмээн олон түмэн түүнд нэр хайрлаж байсан. Тэрбээр гадаад паспортыг нь хүчингүй болгосны улмаас хүний нутагт гацаж, ажил хийх ч боломжгүй, хүндхэн байдалд орчихоод байгаа талаараа бидэнд ярьлаа.
Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Намайг Ф.Магнай гэдэг. Монгол Улсын иргэн. Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрж, аавынхаа төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өссөн. Төрсөн ээж, аав маань ахыг гурав, намайг нэг настай байхад хоёр тийш болсон юм билээ. Тэгээд намайг аавын ахад үрчлүүлсэн гэсэн. Хүүхэд нас маань өргөж авсан аав, ээж, дөрвөн сайхан эгчийнхээ хайр халамжинд аз жаргалтай сайхан өнгөрсөн. Урлагийн салбарт ажиллаж, дуугаа дуулж, олон түмнээрээ хүрээлүүлж явсан үе ч бий. Даанч бусдын нөлөө, дарамт шахалтаас болж урлагаа орхиж, бизнесийн салбарт орсон.
Тэгэхээр сонголтондоо харамсдаг байх нь ээ?
Худалдаа наймаа хийгээд ашиг олж, амжилттай явсан үе бий. Гэвч олсон бүхнээ эхнэрийнхээ өр төлбөрийг дарахад зориулаад дуусгасан. Уг нь хайртай хүнтэйгээ хамтдаа бизнесээ хөгжүүлнэ гэж бодож байсан ч миний итгэлийг эвдсэн. Эхэндээ маш их гомдсон ч Бурханд итгэдэг учраас түүнийг уучилсан.
Таны гадаад паспортыг хүчингүй болгосон гэж та бичсэн байсан. Хүчингүй болгосныг нь хэзээ, яаж мэдэв? Шалтгаан нь юу юм бэ?
Хятадын хил дээр иртэл миний паспортыг хүчингүй болсон гэсэн мэдээлэл гарч ирсэн. Үүний шалтгаан нь эхнэр маань намайг хуурч, хүмүүсээс захиалга авч, авчруулсан мотоциклуудыг нуун дарагдуулж, мөнгийг үрсэнтэй холбоотой байж магадгүй. Би энэ бүхнээс болж 100 сая төгрөгийн өрөнд орсон. Бизнес маань сүйрч, эхнэр маань намайг орхин, миний ажлын бүх аргыг өөр хүнд зааж өгсөн байсан.
Таныг монголын хилээр гарах үед бол хилийн хориг тавиагүй байсан юм байна, тийм үү?
Анх гарахад бол ямар ч асуудал үүсээгүй. Хожим нь Интерполын "шар булан" жагсаалтад орсон гэх мэдээлэл гарсан.
Тэгэхээр таныг бусдад аюул учруулж болзошгүй этгээд гэж үзсэн байх нь ээ. Гэхдээ энэ буланд тавьсан мэдээлэл нийтэд ил биш зөвхөн хүчний байгууллагынхан харах боломжтой байдаг шиг санаж байна...
Тийм ээ, миний ойлгосноор энэ нь тодорхой нэг хүний талаар бусад улс орнуудын цагдаа нарт анхааруулга өгөх зориулалттай жагсаалт юм билээ. Гэхдээ намайг ямар үндэслэлээр бүртгэсэн нь тодорхойгүй. Би онц ноцтой гэмт хэрэгтэн биш. Би хулгай хийгээгүй, хүн алаагүй.
Тэгээд хүний нутагт бичиг баримтгүй, яажшуухан амьдарч байна?
Бичиг баримтгүй хүн хүний нутагт яаж олигтой байх вэ. Санхүүгийн хувьд маш хүнд байдалтай байна. Хятад руу орчихвол ажил хийгээд, эсвэл бараа татаад өрөө дарчихмаар байна санж. Гэвч паспорт маань хүчингүй болсон болохоор ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй, мухардаж, өр төлбөр маань улам л нэмэгдээд байна. Одоогоор амьдралаа залгуулах боломж хайж, бага хэмжээний ажил хийж байгаа ч энэ нь тогтвортой орлого биш.
Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг дээ. Монгол руу буцах бодол байна уу?
Хэрэв Монгол руу буцах юм бол намайг Эрүүгийн хуулийн 17.3 гэсэн зүйл ангиар 8-12 жил хорих ял оноож магадгүй байгаа тул буцаж чадахгүй байна. Тиймээс өөр улс руу цагаачлах боломж байгаа эсэхийг судалж байна. Мөн хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандах бодолтой байна.
Нас залуу, бие эрүүл байхад ажил хөдөлмөр хийгээд яаж ийгээд өр төлбөрөө барагдуулж болно доо. Алийн болгон зугтаж, нуугдаж амьдрах вэ?
Нас залуу, бие эрүүл байхад ажил хөдөлмөр эрхэлж, өрөө дарах нь хамгийн зөв зам гэдэгтэй санал нийлж байна. Хүний юмыг буцааж өгөх ёстой гэдгийг би сайн ойлгож байгаа. Бурханд итгэдэг хүний хувьд сургаалаа дагаж амьдрахыг хичээдэг. Гэхдээ одоогоор миний паспорт хүчинтэй биш тул ажил хийх боломж хязгаарлагдмал байна. Хэрэв би паспортоо хэвийн болгож чадвал, Хятад руу очиж ажил хийн, өрөө барагдуулах бүрэн боломжтой. Ийм нөхцөл байдалд хүрсэнд би өөрөө буруутай, дээр нь намайг хуурч, ачуулж ирсэн барааг минь авсан хүмүүс ч бас байгаа. Энэ бүхний улмаас хүнд байдалд орсон.
Эхнэртэйгээ хэдэн жил хамт амьдарсан бэ? Та хоёр дундаасаа хүүхэдтэй юу?
Бид таван жил хамт амьдарсан. Дундаасаа хоёр хөөрхөн хүүхэдтэй. Би эцэг хүний хариуцлагаа биелүүлэх ёстой.
Та өөрийнхөө бүтэлгүйтэлд эхнэрээ буруутгаад байх юм. Үнэхээр тийм л бол нэгэн цагт хамт амьдарч байсан, бас хоёр хүүхдийн эцэг эх юм чинь бүх ялыг танд үүрүүлээд хаяхгүй байлгүй дээ? Өр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар ярилцаж үзсэн нь дээргүй юу?
Би амьдралын төлөө маш хичээнгүй зүтгэж ирсэн. Гэвч эхнэр маань намайг мэхэлж, олон муу зүйл хийсэн. Одоо тэр өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Над руу “чи үхээд өгчих” гэж бичиж байсан хүн өрийг маань төлөлцөх хүн биш. Харин ч намайг бүр мөсөн холдуулж, шинэ амьдралаа төвөггүй үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Тэр болон түүний гэр бүлийнхэн газрын наймаа эрхэлдэг, томоохон хууль бус үйлдлүүдтэй холбогддог. Ах нь мэргэжлийн хяналтын дарга байхдаа албан тушаалаа ашиглаж, маш их газар авсан байдаг. Ээж нь ч гэсэн маш шуналтай хүн. Энэ гэр бүл намайг дарамталж, одоогийн байдалд хүргэсэн. Би тэдний булхайг илчлэх үү гэхээс биш, тэднээс айж зугтах хүн биш. Тэд одоо ч намайг айлган сүрдүүлэхийг оролдож байгаа байх.
Та бас монголд байхдаа лайв хийснээс болж, цагдаад байцаагдаж байсан гэж байсан. Ямар лайв болоод цагдаад дуудагдахдаа хүрсэн юм бол?
Тийм ээ, эх орноо худалдсан урвагчдын эсрэг лайв хийснээс болж цагдаагаас байн байн дуудаж, бас Зөрчлийн хуулиар торгож байсан. Монголын хууль ядарсан, боломжгүй надад олонтаа хатуу хандаж ирсэн ч би бууж өгөхгүй. Миний туулж буй амьдрал, бичиж буй түүх үргэлжилж байна. Монголын төрд шургалсан харийн гар хөл бологчдыг зайлуулахын төлөө би энэ амьдралаа дуустал тэмцэнэ. Энэ тэмцэл зэвсгээр биш, харин оюун ухаан, үзэл санаагаар өрнөх болно.
Би таныг, та намайг танихгүй. Гэхдээ танд итгэх ямар нэг шалтгаан хэлж болох уу?
Тийм ээ, та бид хоёр хэн хэнээ танихгүй. Гэхдээ миний хэлсэн үг, хийсэн үйлдлүүдээс та намайг ямар хүн гэдгийг ойлгох боломжтой. Facebook хуудсанд маань миний талаар бүх мэдээлэл бий. Би өөрийн дуу, бичлэг, зураг, нотлох баримтуудыг тавьсан байгаа. Тэндээс миний үзэл бодол, үнэнч тэмцлийг харж болно. Гэхдээ би ярьсан бүх зүйлдээ өөрөө хариуцлага хүлээнэ. Хэрэв худал ярьсан бол тэнгэр намайг гэсгээх болтугай.